Цаг үеийн мэдээ

Их Британи, Канад, Ирланд, АНУ-ын давхар иргэншилтэй 50 настай Пол Уиланыг 2018 оны 12-р сарын 28-нд Москва хотод тагнуулын хэрэгт сэжигтнээр баривчилсан юм.

Москва хотын шүүх түүнийг ОХУ-ын эсрэг АНУ-ын талд тагнуул хийсэн хэрэгт гэм буруутай болохыг нь тогтоож, чанга дэглэмтэй хорих ангид 16 жил хорих шийдвэр гаргасан байна. Пол Уиланыг баривчлах үед биеэс нь хураан авсан флаш дискэнд ОХУ-тай холбоотой нууц мэдээллүүд байсан байна.

 Харин Уилан өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсээр байгаа бөгөөд орос найзынх нь өгсөн флаш дээр зөвхөн аяллын гэрэл зургууд байсан хэмээн бодож байснаа мэдүүлж, энэ бүгд улс төрийн зорилготой өөрийнх нь эсрэг санаатайгаар зохион байгуулсан хэрэг хэмээн үзэж байгаа юм байна.

Пол Уиланыг гэм буруутайг нь нотлох ямар ч баримт байхгүй байхад хорих ял оноосон нь шудрага бус үйлдэл хэмээн  ОХУ-д суугаа АНУ-ын элчин сайд Жон Салливан үзэж, түүнийг суллахын тулд боломжтой бүхий л арга хэмжээг авахаа мэдэгдсэн байна.

Түүнчлэн Пол Уиланы шүүх хурлыг хөндлөнгийн гэрчгүйгээр нууцын зэрэглэлтэй явуулж, шүүх хурлын явцыг нууцалж байгаа нь шудрага бус явдал хэмээн үзэж, Пол Уиланыг суллахыг ОХУ-ын засгийн газраас шаардаж байгаагаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгджээ.

Мөн Уиланы асуудлаар ОХУ-ын засгийн газартай яриа хэлэлцээр хийх хүсэлтэй байгаагаа Их Британийн элчин сайд Дебора Броннерт илэрхийлсэн байна.

Пол Уиланы хувьд 1994-2008 оны хугацаанд АНУ-ын тэнгисийн явган цэрэгт алба хааж байсан бөгөөд Иракт 2 удаа томилолтоор ажиллаж байжээ. ОХУ-д баривчлагдах үедээ тэрээр АНУ-ын BorgWarner компанид аюулгүйн албаны захирлаар ажиллаж байсан байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа