БНАСАУ-ын арми хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүсэд нэвтрэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Энэ нь БНАСАУ-аас дүрвэгчид Ким Жон Уны эсрэг ухуулах хуудас тарааж, агаарын бөмбөлөг хил давуулан нисгэж байгаад үзүүлж буй хариу арга хэмжээнүүдийнх нь нэг юм. Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын арми Ким Ё Жоны тушаалаар бэлтгэлээ хангасан бөгөөд “Урд хилийг бэхэлж, хүчээ чангатгахад бэлэн” хэмээн мэдэгдсэн байна.
Хоёр Солонгос 1950-аад оны дайнаас хойш цэрэггүй бүсээр тусгаарлагдаж буй билээ. Гэтэл өнөөдөр/2020.06.16/ БНАСАУ-ын арми цэрэггүй бүсэд нэвтрэх төлөвлөгөөгөө зохиож буй бөгөөд засгийн газраас гаргасан бүх шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэхэд бүрэн бэлдсэнээ зарлав.
Харин Ким Ё Жон “БНСУ-ын удирдагчидтай учраа олох зөв цаг нь ирсэн байна гэж би бодож байна” хэмээгээд цэрэг армиа бэлдсэн гэдгээ зарлаж, дорвитой арга хэмжээ авахаа амлаад, мэдэгдлээ “Хогийг хогийн саванд нь хаях хэрэгтэй” хэмээн хэлээд дуусгажээ.
Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ нь БНСУ-аас бүх харилцаагаа тасалсан билээ. Эдгээр үйлдлүүд нь БНСУ дахь БНАСАУ-аас дүрвэгчдийн хийж буй үйл ажиллагаанаас болсон гэнэ.
Дүрвэгчдийн бүлэглэлүүд ухуулах хуудас, хүнс, 1 ам.доллар, радио, БНСУ-ын мэдээ, олон ангит кино бүхий флаш зэрэг зүйлсийг агаарын бөмбөлөгт зүүн хил давуулж хөөргөх явдал сүүлийн үед ихэссэн юм. БНСУ-ын зүгээс аюулгүй байдлыг бодож дээрх бүлэглэлүүдийг болиулахыг оролдсон гэдгээ хэлж байгаа юм.
Эх сурвалж: BBC.COM