Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2020.06.17) мэдээллээ хийж байна. Тусгаарлах байранд шинээр 18 хүн орж, 174 хүн гарч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Ажиглалтын байранд архаг хууч өвчтэй 80 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс нийт 143 дуудлага иржээ. Гадаадын Казахстан, Швед улсаас гурван иргэн холбогдож, коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авчээ. Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн лабораторид нийт 316 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Өнөөдөр хоёр эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Эдгэрсэн хоёр иргэний нэг нь батлан хамгаалахын чиглэлээр суралцаж байгаа оюутан бөгөөд 33 хоног эмчилгээ хийлгэсэн. Нөгөө нь 15 настай хүүхэд бөгөөд 31 хоног эмчилгээ хийлгэж эдгэрсэн.
Нийт батлагдсан тохиолдол 197 байгаагаас 111 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 86 хүний биеийн байдлыг үнэлбэл 78 нь хөнгөн, 8 нь хүндэвтэр байна" гэв.