Цаг үеийн мэдээ

ЦУВРАЛ - 19.

         "Би нэгдүгээр үеийн цагаач (аав ээж нь гадаад орноос нүүж ирсний дараа тухайн оронд төрсөн аль эсвэл нүүж ирэхэд нь жоохон хүүхэд байсан) Америк иргэн учраас манай гэр бүл боловсролыг ихээхэн чухалчлан үздэг байв.  Гэр бүлийнхэн маань "чи эмч болох хэрэгтэй" гэж зөвлөдөг байсан боловч нэг л бүтэшгүй мэт санагддаг байсан тул би нягтлан бодогчоор  мэргэшихээр шийдсэн юм. Үнэнээ хэлэхэд, би ажилдаа маш дуртай байсан. Тоо шажигнуулах надад сайхан санагдаж, ганц надад биш бас гэр бүлд минь ч баяр хөөр авчирдаг байлаа. Аав маань хүмүүст охин нь Уолл Стрийт-д ажилладаг гэж хэлэх дуртай байсан юм. Тийм болохоор хэзээ ч энэ замаар яваадаа эргэлздэггүй байв.

        Тэгтэл 9 дүгээр сарын 11 нд болсон. Зүгээр нээх сайхан өглөө байсан. Бид оффисын цонхоор бүгдийг нь харсан. Эхний онгоц мөргөхөд бүгд л осол болчихлоо гэж бодсон. Харин дараагийн онгоц мөргөхөд хүмүүс барилгаас гарахаар гүйж эхэлсэн.

      Бид гэртээ гурван долоо хоног байхаар болов. Манай оффис яаралтай тусламжийн ангилалд орсон тул бид буцаж ажилдаа ирэхэд дайны бүс шиг л болсон байлаа. Агааржуулах нүхээр утаа орж ирэн үнэртсээр л байсан. Миний хувьд бүх юм эргэж хэвэндээ ороогүй.

  

        Би 7 дугаар сарын 4 (Америкийн тусгаар тогтнолын баярын өдөр) -д ажилдаа ирж байхдаа "Би яагаад баярын өдрөөр ажиллаж байгаа билээ? Хүний амь нас аварч байгаа биш дээ" гэж бодсон. Тэгээд л би буцаад сурахаар шийдсэн юм. Оройгоор болон хагас бүтэн сайнаар сурж болох сургууль хайж оллоо. Бүтэн хоёр жилийн урьдчилсан курсээ дуусгаж байж анагаахын сургуульд тэнцлээ.

       Тэндээс л хамаг хэцүү бүхэн эхэлсэн. Би тэгэхэд 35 настай, Сити банкны (Америкийн том банк) дэд ерөнхийлөгч, өөртөө үнэн итгэлтэй байсан. Гэтэл гэнэт л баахан залуучуудтай цуг нэг ангид сууж, чармайх хэрэгтэй болсон. Тухайн үед хүнд байсан ч надад тусалж дэмждэг оюутан найзуудтай болсон. Тэгээд төвлөрсөн.

  

     Яг ямар хүүхдийн эмч болмоор байгаагаа ч ойлгосон. Төгссөнөөсөө хойш одоог хүртэл (резидентдээ ч гэсэн) би халамж багатай ядуу буурай газруудад ажиллаж байна. Миний зарим өвчтнүүд гэр оронгүй өссөн байдаг. Гэхдээ би бүх өвчтөндөө хамаг чадлаараа ханддаг.  

  

    Өвчтнүүд маань миний талаар "Нелсон эмч миний охиныг үнэхээр сайн анхаардаг" гэх мэтээр хэлнэ. Яагаад гэвэл би үнэхээр л анхаардаг учраас. Тийм амар ажил биш л дээ. Би шөнөөр, амралтын өдрөөр, баярын өдрөөр ч ажилладаг. Гэхдээ урьдныхаас өөр хандлагатай. Учир нь надад өглөө босоод ажилдаа явмааргүй санагдсан нэг ч өдөр байгаагүй юм." (https://www.facebook.com/mashasdiary/)

Эх сурвалж: Humans of New York

Орчуулсан: Маша

Таны сурталчилгаа