Цаг үеийн мэдээ

       Ройтерс агентлагийн зурагчин Дилан Мартинезийн авсан энэ зураг нийтлэгдсэн даруйдаа цахим сүлжээнд хурдацтай тархжээ. Лондон хотноо болсон арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг жагсаалын үеэр бэртсэн цагаан арьст залууг хар арьст тэмцэгч мөрөн дээрээ үүрээд явж байгаа агшныг гэрэл зурагчин Мартинез авч амжсан байна.

  Ватерлоо гүүрийн ойролцоо болсон эмх замбараагүй байдлын үеэр Мартинез уг зургийг авсан бөгөөд “Би яг зөв газраа, зөв цагтаа зогсож  байсан. Тэр өнцгөөс зураг авсандаа маш баяртай байна. Тэр намайг зүглээд хурдан хурдан алхаж явсан” гэжээ.

Цагаан арьст залуу нүүрэндээ шархдаж, эмх замбараагүй байдлын үеэр зодуулсан байна. Арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцэгчид болон хэт барууны үзэлтнүүдийн хооронд зодоон болсон бөгөөд зарим эх сурвалжаар цагаан арьст эрийг хэт барууны үзэлтэй тэмцэгч байсан гэж бичжээ. 

 Телевизийн хөтлөгч, сэтгүүлч Пирс Морган "Саар муухайн дундах хүнлэг сэтгэлийг харуулсан сайхан мөч" хэмээн бичсэн байна.

       Харин хар арьст залууг Патрик Хатчинсон гэдэг бөгөөд тэрбээр хувийн дасгалжуулагч гэнэ. Хатчинсон цахим хуудастаа "Бид өнөөдөр хүний амь аварлаа" гэж бичсэн байна.

     Тэрбээр Их Британийн Channel 4 News хэвлэлд ярилцлага өгөхдөө тухайн үед маш аймшигтай байсан тухай дурсжээ.

  

      "Түүний амь насанд аюул заналхийлж байсан. Би түүнийг шууд өргөөд, мөрөн дээрээ үүрээд явсан. Бид цагдаа нар руу зүглэн явж байхад залуус намайг хамгаалахын тулд тойрон хүрээлж байлаа" хэмээн ярьсан байна.

     Хүмүүс энэхүү зургийг тун эергээр хүлээн авчээ. 

Эх сурвалж: Ройтерс

 

Таны сурталчилгаа