Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдөр Биобэлдмэлийн үйлдвэрийн Вакцин онош зүйн тасгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Орчин үеийн эмийн үйлдвэрийн шаардлагад нийцүүлэх зорилгоор 2010 оноос үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан Биобэлдмэлийн үйлдвэрийг улсын төсвийн хөрөнгө болон дотоодын нөөцөөс нийт 1 тэрбум 580.2 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар “Эмийн үйлдвэрт тавигдах шаардлага”, “Биобэлдмэлийн үйлдвэрт тавигдах шаардлага” стандартад нийцүүлэн засч, үйл ажиллагааг нь 2019 оны 10 дугаар сард сэргээн нээсэн юм.
Тэгвэл дараагийн шатанд тус үйлдвэрийн Вакцин онош зүйн тасгийн урсгал засварт шаардагдах хөрөнгийн асуудлыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шийдвэрлэсний үр дүнд зарим дээж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, тасгийн үйл ажиллагааг өнөөдөр ийнхүү албан ёсоор нээж байгаа юм.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биобэлдмэлийн үйлдвэр нь анагаах ухааны биотехнологид суурилан, хүний эмчилгээний биобэлдмэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд 15 төрлийн биобэлдмэл, 20 гаруй нэр төрлийн тэжээлт орчныг үйлдвэрлэх боломжтой.
Вакцин онош зүйн тасаг нь вакцин, биобэлдмэл, оношлуур үйлдвэрлэж, хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулагдсан Биобэлдмэлийн үйлдвэрийн ууган нэгжүүдийн нэг юм.
Тус тасагт 1933 онд 98000 тун цагаан цэцгийн вакцин үйлдвэрлэн гаргаснаар энэхүү аюулт өвчнийг устгасан Азийн анхны орон болсон билээ.
Мөн тус тасагт цаашид 20 гаруй тэжээлт орчин, колибактерин, галзуугийн эсрэг эдийн өсгөврийн вакцин, балнадын нян залгиур, шиллэг эд зэрэг 20 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.
Засгийн газрын 2020 оны 98 дугаар тогтоолоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд орон тоо, төсвийн хамт шилжин ирснээр Биобэлдмэлийн үйлдвэрийн үйл ажиллагааны зардлыг Эрүүл мэндийн сайдын төсвийн багцаас санхүүжүүлэхээр болж байгаа юм.