Цаг үеийн мэдээ

Дэлхийн улс орнууд коронавирусний эсрэг тогтоосон хөл хориогоо цуцалж байгаатай холбогдуулан цар тахлын аюул өнгөрөөгүй, үхлийн вирус урьдын адил хурдацтай тархсаар байгааг ДЭМБ-ын тэргүүн анхаарууллаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Гебрейесус баасан гарагт болсон хуралдаан дээр “цар тахлын шинэ аюултай үе шат” ирээд  байгааг сануулсан байна. Тиймээс хөл хориогоо цуцалж байгаа улс орнууд халдвараас сэргийлэх санамжийг иргэддээ мөрдүүлж, олон нийтийн газар хоорондын зайг сайтар баримтлахыг уриалсан байна.

Сүүлийн нэг хоногт дэлхийн хэмжээнд халдварын 180 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн нь цар тахал дэгдснээс хойш нэг өдрийн доторх хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм байна. Халдварын шинэ тохиолдлын тал хувь нь Америк тивд дангаараа бүртгэгджээ.

Халдварыг хяналтдаа авсан зарим улс орнуудад халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж байгааг цар тахлын 2 дахь давалгаа нүүрлэж байна гэж шууд ойлгож болохгүй гэдгийг ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майк Райан хэлсэн байна. Харин халдварыг хяналтдаа аваагүй зарим орнуудад нөхцөл байдал хүндэрч 2 дахь давалгаа нүүрлэж болзошгүй байгааг тэрээр анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд халдварын нийт 8,385,440 тохиолдол бүртгэгдэж, 450,686 хүн амиа алдаад байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа