Цаг үеийн мэдээ

ЦУВРАЛ - 21.

     "Нэг" л гэж бодоод хүлээж байсан болохоор ихэр хүүхдүүдтэй болох гэж байгаагаа мэдэхдээ бид хоёр нэлээн шоконд орсон юм. Тухайн үед нөхрийн ажлын шаардлагаар Лас Вегасд амьдарч байсан тул бидний ойр тойронд гэр бүл, хамаатан садан маань байсангүй. Би бүхнийг ганцаараа хийх хэрэгтэй болно гэдэгтээ бухимдаж эхлээд байлаа. Манай хөршүүд дундаа нэг газарт шуудангийн хайрцагтай байв.

  

       Би тэнд л Жо болон Маритай танилцсан санагдаж байна. Үнэхээр сайхан хүмүүс байсан. Мари удахгүй тэтгэвэртээ гарах гэж байсан ба нэг өдөр надад хүүхдүүд маань төрөхөөр туслах хүсэлтэй байгаагаа хэлэв. "Aжил хайж байгаа юм биш шүү. Би өөрөө хөвгүүдээ өсгөж байхдаа надад өдөрт ганцхан илүү цаг байсан бол ямар байх бол гэж боддог байсан юм" гэв. Би түүнийг нээрэнгээсээ хэлж байна гэж нээх бодсонгүй.

  

       Гэтэл намайг ихрүүдтэй ганцаараа үлдсэн эхний өглөөнөөс л надруу залгаж ямар нэг зүйл хэрэгтэй байгаа эсэхийг асуусан юм. Манайд ирээд нэг цаг орчим байх хооронд нь би шүршүүрт орлоо. Тэр маргааш нь бас нөгөөдөр нь ч ирлээ. Мари бүтэн жилийн туршид (ажлын) өдөр болгон ирсэн юм. Надад түр завсарлага өгч би тэр хооронд нь угжаа бэлдэх, угаасан юмаа эвхэх, аяга тавгаа угаах ажлаа амжуулдаг байлаа.

     Үүдээр орж ирэх болгондоо "Миний хүүхдүүдээр юу байна, өнөөдөр?" гэж хэлсээр орж ирнэ. Бид хоёр их дотно найзууд боллоо. Миний өөрийн ээж маань Алцгеймер (ой санамжаа алддаг өвчин)-р өвчилсөн байсан тул надад хэрэгтэй байгаа тайвшрал, зөвлөгөө зэргийг өгөх боломжгүй байлаа. Мари тэр бүхнийг ч зааж зөвлөдөг байлаа. Нэг их сүйдтэй биш ч, ээж болон хүүхэд өсгөх талаар, ном уншихгүй бол мэдэхгүй зүйлсийн талаар гэхүүдээ. Зарим орой хаалга тогшоод хамт оройн хоол идэхээр ирэхдээ тасархай амттай Итали хоолоор дайлна. "Мама Маригийн бөөрөнхий мах" нь түүний гаргууд хийдэг хоол нь байв.

      Хүүхдүүд маань 4 нас хүрэх үед бид хотоос нүүсэн ч Мари бид хоёр утсаар холбоотой байдаг байлаа. Би үргэлж түүнд ээжүүдийн өдрийн мэндчилгээ илгээдэг байв. Мари хүүхдүүдийн төгсөлтийн баярт Индианад ирэхийг хүсэж байсан ч тэр үед Мари явж чадахааргүй хүнд өвдсөн байлаа.

  

Хэдэн жилийн өмнө Мари маань өөд болсон юм. Нас эцэслэх хүртлээ надруу залгах болгондоо яг л нэг үгээ хэлж мэндэлдэг байсан юм. "Миний хүүхдүүдээр юу байна, өнөөдөр?" гэж" https://www.facebook.com/mashasdiary/)

Эх сурвалж: Humans of New York

Орчуулсан: Маша

Таны сурталчилгаа