Ажилтнуудаас нь коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор Америкийн “Tyson” корпорациас нийлүүлдэг мах, махан бүтээгдэхүүний импортоо БНХАУ түр хугацаагаар зогсоожээ. Энэ тухай БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар мэдэгдсэн байна.
Баримт бичигт дурдсанаар, БНХАУ-д нэгэнт ирсэн болон ирэх ёстой байсан тус компанийн бүх бүтээгдэхүүнийг гаалийн газар саатуулах аж.
Үүнээс өмнө Германы “Toennies” концернийн мах комбинатын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг түр зогсоож байгааг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар пүрэв гарагт мэдэгджээ. Тус үйлдвэрийн газарт коронавирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна.
Реда-Виденбрюк сууринд байрладаг тус мах комбинатын 600 орчим ажилтнаас халдвар илэрчээ. Үүнтэй холбогдуулан үйлдвэрийн газар үйл ажиллагаагаа зогсоож, 7000 ажилтнаа хөл хорионд оруулсан байна.