Цаг үеийн мэдээ

     Эрдэмтдийн олж нээсэн аварга том хэвлээр явагч маань өөрийн хамгийн ойрын төрөл болох Амазон мөрний яст мэлхийнээс даруй зуу дахин, далайн яст мэлхийнээс хоёр дахин том хэмжээтэй байсныг судлаачид олж тогтоожээ. Шинэхэн олдворын мөрөөр эрдэмтдийн хийсэн судалгааны дүнд дэлхий дээр оршиж байсан хамгийн том яст мэлхий юу болохыг тогтооход дөхөм болоод байгаа аж. Тэрхүү аварга яст мэлхий нь бидний мэдэх өхөөрдөм бяцхан амьтдын өвөг аж. Сүүлийн үеийн судалгаагаар бидний мэдэх цэнгэг усны яст мэлхийн өвөг болох амьтан хамгийн томдоо гурав орчим метр урттай байсныг олж тогтоосон нь дундаж оврын автомашинтай дүйх юм.

  

    Колумбын Росариогийн Их сургуулийн эртний эд өлгийн судлаач Эдвин Кадена эрт үед амьдарч байсан аварга яст мэлхийтэй холбоотой олдвор сүүлийн дөч гаруй жил огт олдоогүй мөн эл аварга амьтны тухай мэдээлэл хомс түүний хооллолт, хүйсийн ялгаа байсан эсэх, үүнээс ч аварга биет яст мэлхий байж болох зэрэг маш олон асуултууд байгаа тухай Вашингтон Пост сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

    Мөн тэрээр Венесуэл болон Колумбын нутаг дээр орших Татакоагийн цөлөөс олдоод байгаа олдворын тусламжтай 1970–аад оноос хойш хариулт олдоогүй байсан эдгээр асуултуудад хариулт өгч чадахаар болсон тухай дурджээ. Олон сая жилийн өмнө амьдарч байсан аварга яст мэлхий Stupendemys geographicus нь тухайн цаг үедээ тэр газраар нутаглаж байсан ганц төрөл зүйл байж болох, хүйсийн хувьд ялгаатай, холимог идэштэн байсныг олж тогтоожээ.    

     Аварга яст мэлхийн олдворыг судлах багийнхан эр яст мэлхийн хуяг дээр урагш чиглэсэн эвэр хэлбэрт хатуу эд байгааг илрүүлсэн нь эр хүйст яст мэлхий газар нутгийн төлөөх тулааны үед ашигладаг байсан байх боломжтой ажээ.

    Судлаач Кадена болон түүний багийнхан олдворын эвэр дээрх гүн цууралт, зурааснуудыг шинжлэн аварга яст мэлхий тухайн үед нэг газар нутагт оршиж байсан аварга кайман гүрвэлтэй хийсэн тулааны ул мөр гэж үзсэн байна. Олдвор болох яст мэлхийн хуяг олон шүдний ором, эдийн гэмтэл, хугарч шигдсэн шүд зэрэгтэй байжээ.

 

Таны сурталчилгаа