Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Тус яамны мэдээлснээр орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд тандалт судалгааны зорилгоор 5000 гаруй хүнд хийсэн шинжилгээнээс коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Гэсэн ч иргэдийн зүгээс хүмүүс олон нийтийн газар, нийтийн тээвэрт амны хаалтаа зүүхгүй байна гэх гомдол, шүүмжлэл ирүүлснийг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцлов. Тэрбээр коронавируст халдварын тархалт өндөр байгаа энэ үед сонор сэрэмжээ алдаж болохгүйг иргэдэд анхаарууллаа.
ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 161 дуудлага иржээ. Үүний ихэнх нь эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан байна. Гадаадын АНУ, Малайз, Швед, ОХУ улсаас 9 иргэн холбогдож коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авчээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү :
"Зургаадугаар сарын 22-ны өдөр дөрвөн лабораторид нийт 426 хүн шинжилгээ хийхэд, үүнээс 424-т нь коронавирус илрээгүй. Харин хоёр шинжилгээнд коронавирус илэрлээ. Нурсултан-Улаанбаатартын онгоцоор ирсэн 26, 31 настай хоёр хүний давтан шинжилгээнд вирус илэрсэн тул ХӨСҮТ-ийн эмчилгээнд шилжлээ" гэв.