Цаг үеийн мэдээ

     Мексикт дөнгөж төрсөн гурван ихэр хүүхдээс халдвар илэрчээ. Ийм тохиолдлын талаар өмнө нь сонсож байгаагүй гэж Мексикийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд мэдээлжээ.

     Хүүхдүүдийг төрснөөс хэдхэн цагийн дараа шинжилгээ авсан бөгөөд тэд халдвар авсан хэн нэгэнтэй ойр байгаагүй байна. Эрдэмтэд вирус жирэмсэн эхийн эхсээр халдвар дамждаг эсэхийг тогтооход энэ тохиолдол тусална хэмээн найдаж байгаа ажээ.

     "Шинжлэх ухааны үүднээс үзэхэд ийм явдал өмнө нь тохиож байгаагүй" гэж Сан Луис Потоси мужийн Олон нийтийн эрүүл мэндийн агентлагийн дарга Мигель Анхель Лутцов Штайнер мэдээлсэн байна.

     Хүүхдүүдийн хоёрын биеийн байдал тогтвортой байгаа бол нэг нь амьсгалын замын өвчний эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, хүүхдүүдийн эцэг эх халдварын шинж тэмдэггүй өвчтөнүүд байж магадгүй бөгөөд тэднээс шинжилгээ авч, тусгаарлажээ. 

Таны сурталчилгаа