УИХ-ын сонгуулийн 23-р тойрог, наймдугаар хэсгийн хорооны санал авах байранд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх саналаа өглөө. Тэрээр сонгуулиа өгсний дараа сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
- "Өнөөдөр бол манай ард түмний баярын өдөр. Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж, сонгох, сонгогдох эрхээ эдэлдэг өдөр.
Хэдийгээр дэлхий нийтээр цар тахал гарч байгаа ч улс орнууд парламентийн сонгуулиудаа зохион байгуулсаар ирснийг манай ард түмэн мэдэж байгаа. Монгол улсын Засгийн газрын хувьд ч хуулийн хүрээнд сонгуулиа зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. УОК цар тахлаас хамгаалах ажиллагааг ард түмэн маш сайн дэмжиж оролцож байна. Сонгуулийн өнгө харагдаж байна.
Ард түмэн маань маш идэвхтэй оролцож байна. Ирц үе үеийнхээс өндөр, залуучууд маш идэвхтэй оролцож байна гэж сая хэлж байна. Шинэ мянганы, 2000 онд төрсөн хүүхдүүд маань саналаа өгч байна.
Монголын ард түмэн шударга, сайхан нийгэмд амьдрахыг хүсэж байгаа. Шударга нийгмээ байгуулах үргэлжлэл явагдаж байна гэж бодож байна. Монголын ард түмэн маань сонгуульд идэвхтэй оролцоорой. Ялангуяа залуучууд маань саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.
Сонгууль маань маргаангүй, шударга, сайхан болно гэдэгт итгэж байна. Сонгууль шударга явагдах ёстой. Манай ард түмэн үймээн самуун гаргая, муудалцъя, жагсъя, тэмцье гэсэн бодол зүрх сэтгэлд нь байхгүй байгаа гэдэгт би итгэлтэй байгаа. Өмнө нь 7 сарын 1 гэж ямар гашуун үйл явдал боллоо. Таван сайхан залуугийн амь нас эрсэдсэн. Ийм үйл явдал дахин хэзээ ч давтагдах ёсгүй. Ард түмэн сонголтоо хийчихсэн байгаа шүү дээ гэв.