ОХУ коронавирусний улмаас хойшлуулсан ялалтын баярын сүрт жагсаалыг өнөөдөр улаан талбайд зохион байгууллаа.
Аугаа их Эх Орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан сүрт жагсаалд 19 орны 14000 орчим цэргийн бие бүрэлдэхүүн, 200 орчим техник хэрэгсэл оролцсоноос гадна Москвагийн тэнгэрт ОХУ-ын нисэх хүчний 75 онгоц нисч үзүүлбэрээ толилуулсан юм.
Энэ жилийн сүрт жагсаалын онцлог нь цэрэг дайны зориулалттай 20 гаруй шинэ техник хэрэгслийг олон нийтэд дэлгэн харуулсан байна. Үүнд эргийн хамгаалалтын пуужингийн “Бал” комплексийг дурдаж болох юм. Дайсны усан онгоцыг эсэргүүцэх 8 ширхэг Х-35 пуужинтай техникийн пуужин тус бүр нь 120 км-ийн тусгалтай бөгөөд дөрвөн харвагчаас нэгэн зэрэг 32 пуужин харвах хүчин чадалтай юм байна.
Дэлхийн 2 дугаар дайнд ялалт байгуулсан түүхэн тэмдэглэлт энэхүү ойн баярт Абхаз, Беларусь, Казахстан, Киргиз, Молдав, Серб, Тажикстан, Узбекистан, Өмнөд Осетийн төрийн тэргүүнүүд хүрэлцэн ирсэн байна.
75 жилийн тэртээх энэ өдөр буюу 1945 оны 6 дугаар сарын 24-нд фашист Германыг буулган авсныг тэмдэглэж Улаан талбайд ялалтын баярын анхны сүрт жагсаалыг зохион байгуулж байсан түүхтэй юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр парадыг нээж хэлсэн үгэндээ “Аугаа их Эх Орны дайны ялалт нь түүхэнд бүхий л талаараа маш чухал үйл явдал болон тэмдэглэгдэн үлдсэн. Нацизм ямар их хор хөнөөл учруулсныг бид үргэлж санаж, дайнд оролцсон дайчдынхаа баатарлаг үйлсийг хэзээ ч мартахгүйгээр үеийн үед дурсан санах болно” гэжээ.
Цэргийн жагсаалын дараа Путин зочин орны төрийн тэргүүнүүдийн хамтаар Кремлийн хананы дэргэдэх нэр нь үл мэдэгдэх баатрын хөшөөнд цэцэг өргөсөн юм.
Эх сурвалж: Вести