УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 24-р тойрог буюу Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Д.Цогтбаатар /25333/, Ц.Мөнх-Оргил /23637/, Ц.Мөнхцэцэг /20584/ нар сонгогчдоос хамгийн олон санал авлаа.
Тус тойрогт гурван мандатын төлөө нийт 38 нэр дэвшигч өрсөлдсөнөөр нь энэ удаагийн сонгуулийн хамгийн олон нэр дэвшигчтэй тойрог болж байгаа юм.
Ширүүн өрсөлдөөн болохуйц тойргуудын нэгээр нэрлэгдээд байсан 24-р тойрогт эрх баригч намаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, АН-аас дараагийн Ерөнхий сайдаар нэрлээд буй Р.Амаржаргал, АН-ын дэд дарга асан Б.Дэлгэрмаа, Хөдөлмөрийн үндэсний намын Б.Мөнхсоёл, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч зэрэг олонд танигдсан эрхмүүд нэр дэвшсэн.
Мөн Блүүмбэрг телевизийн захирал Б.Долгион АН-аас, дуучин, аялагч Г.Ганхүү Зөв хүн электорат эвслээс нэр дэвшсэн бол гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийг төлөөлөн нэр дэвшсэн юм.