Цаг үеийн мэдээ

Өдийг хүртэл коронавирусний халдвараас ангид байж чадсан цөөхөн орнуудын нэг болох Туркменистан улсад халдварын 6 тохиолдол нийслэл Ашхабад хотод нь бүртгэгдсэн байна. Халдвар авсан иргэд бүгд тус улсын томоохон төв эмнэлгүүдийн нэг болох С.А.Ниязовагийн нэрэмжит эмнэлгийн эмч, ажилчид юм байна.

Энэ сарын 23-ны өдөр Туркменистан дахь АНУ-ын элчин сайдын яам вэб хуудсаараа дамжуулан коронавирусний халдвараас сэргийлэхийг тус улсад амьдарч байгаа Америк иргэддээ сануулж байжээ. “Хэдийгээр Туркменистанд ковид-19 албан ёсоор бүртгэгдээгүй ч, халдварын шинж тэмдэг илэрсэн хэдэн иргэн коронавирусний шинжилгээ өгч тусгаарлагдсан гэх мэдээлэл АНУ-ын элчин сайдын яаманд ирсэн” хэмээн тус вэб хуудсанд тавигдсан мэдээлэлд дурджээ.

АНУ-ын элчин сайдын яамны энэ үйлдэлтэй холбогдуулан Туркменистаны гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийж, хамтран зөвшилцөхгүйгээр албан ёсоор батлагдаагүй мэдээллийг Туркменистаны эрх баригчдаас түрүүлж дур мэдэн ард иргэдийнх нь дунд тараасан явдлыг хурцаар шүүмжилсэн байна.

Дэлхийн хамгийн хаалттай орнуудын нэг болох Туркменистан улс дотоодод нь коронавирусний халдвар бүртгэгдээгүй хэмээн мэдэгдсээр байсан бөгөөд тус улсын нөхцөл байдалтай биеэр очиж танилцахыг хүсч байгаа ДЭМБ-ын шинжээчдийг хүлээн авахаас татгалзсаар байгаа юм.

Эх сурвалж: tengrinews

Таны сурталчилгаа