Цаг үеийн мэдээ

Москвагийн нэгэн орон сууцнаас Хятад руу гаргаж худалдах гэж байсан байж болзошгүй 5 нярай хүүхдийг олж, улсын хамгаалалтад авсан байна.

6 хоногтойгоос 6 сар хүртэлх насны нярай хүүхдүүдтэй цуг байсан 2 эмэгтэйг баривчилж, хүний наймааны хэрэгт холбогдуулан эрүү үүсгэсэн байна. Хүүхдүүдийг хятад эмэгтэй асарч байжээ. Цагдаа нар эмнэлгээс ирсэн мэдээллийн дагуу шалгалт явуулсан бөгөөд хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа юм байна.

Хэрэгт холбогдсон эмэгтэйчүүд тээгч эхийн үйлчилгээг үзүүлдэг байсан бөгөөд амьдарч байсан байрнаас нь хүүхдүүдтэй холбоотой орос болон хятад хэл дээрх бичиг баримтыг олсон байна.

Коронавирусний халдварын улмаас хил хаасантай холбогдуулан тээгч эхээс мэндэлсэн хүүхдүүдийг Хятад дахь захиалагч нарт нь хүргэж өгөх боломж бүрдэхийг хүлээж байсан байж болзошгүй хэмээн албаныхан мэдээлж байна.

Цагдаагийн байгууллага хүүхдүүдийг төрүүлсэн тээгч эхчүүдийг болон энэ хэргийг зохион байгуулж оролцсон бүх хүмүүсийг олж тогтоохоор ажиллаж байна.

 

Эх сурвалж: Риа новости

 

Таны сурталчилгаа