Африк тивийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын баруун хойд нутагт Эбола вирусийн шинэ тахал дэгдсэн тухай зургаадугаар сарын эхээр мэдээлж байсан билээ.
Төв Африкийн энэ улсад 11 дэх удаагаа Эбола тахал дэгдэж байгаа нь энэ юм. Өмнөх 10 дахь тахал нь Конгын зүүн хязгаарт хоёр жил үргэлжилж, одоо л төгсөх шатандаа орж байна. Баруун хойд бүсийн Мбандака хотод дэгдсэн шинэ тахал одоогоор дөрвөн хүний амийг аваад байгааг Конгын эрүүл мэндийн сайд Этени Лонгондо мэдээлсэн байна.
Эбола голын дэргэд анх энэ вирус илэрсэн учир ийнхүү Эбола хэмээн нэрлэх болсон байна
Конгын зүүн нутагт дэгдсэн энэ тахал түүхэнд хоёрт орох хамгийн их хөнөөлтэй тахал ажээ. 2014 онд Гвиней, Либери, Сьерра Леон улсуудад голдуу дэгдсэн Эболагийн тахалд 11,000 орчим хүн нас барсан нь хамгийн их хөнөөлтэй дэгдэлтэд тоооцогддог.
Эбола вирус нь цус, биеийн шингэн, нас барсан хүний цогцос, эрхтнээр дамжин халдварладаг бөгөөд халдварын 90 хүртэл хувь нь үхэлд хүргэдэг юм.
Тэгвэл өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс хоёр жил тэмцсэний эцэст Эбола халдварын дэгдэлтийг дууссаныг зарлах гэж байна. Эбола вирусийн эсрэг авсан арга хэмжээ буюу халдварыг эрт илрүүлж, шуурхай хариу арга хэмжээ авах нь COVID-19 халдварыг зогсооход мөн чухал юм.