Цаг үеийн мэдээ

Беларусийн нийслэл Минск хотын томоохон дүүргүүдийн 770 мянга орчим оршин суугч ундны усгүй болсон байна. Учир нь орон сууцнуудын цэвэр усны цоргоноос унданд хэрэглэж болохооргүй өмхий үнэртэй ус гоожиж байгаа юм байна.

Эхний өдөр оршин суугчдад 4 машинаар цистернтэй ус зөөвөрлөн авчирсан нь хүрэлцэхгүй байсан учир 25 машин болгож тоог нь нэмсэн байна.

Албаныхан ус дамжуулах төв шугамд ямар нэгэн гэмтэл гараагүйг хэлж, дүүргүүдийг усаар хангадаг Вилейн усан сангийн ус цаг агаарын хэт халалтаас болж үнэртэй болсон байж болзошгүй хэмээн үзэж байна. Цоргоноос гарсан усыг унданд хэрэглэснээс болж 15 хүний бие муудаж, эмнэлэгт хандсан байна.

Харин хотын захиргаа усны үнэрийг эс тооцвол ямар нэгэн химийн хортой бодис илрээгүй учир унданд хэрэглэхэд аюулгүй хэмээн үзэж байсан байна.  Харин эмч нар ийм усыг унданд хэрэглэж болохгүй гэдгийг оршин суугчдад яаралтай сануулахыг албаныханд шаардсан юм байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа