Цаг үеийн мэдээ

Израйль улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын таних тэмдэгтэй албаны машин дотор бэлгийн харьцаанд орж буй эмэгтэй эрэгтэйн бичлэг олон нийтэд ил болсон нь ихээхэн шуугиан дэгдээгээд байна.

Тодруулбал Тель-Авив хотын замын хөдөлгөөнд оролцож байсан НҮБ-ын машины арын суудалд улаан даашинзтай эмэгтэй нэгэн эрэгтэйн өвөр дээр суун бэлгийн харьцаанд орж байгааг ойролцоо явж байсан хүмүүс дүрс бичлэгт буулган олон нийтийн сүлжээнд байршуулжээ.

Олон нийтийн газар албаны машин дотор ёс зүйгүй үйлдэл гаргасан энэ явдлыг цочирдон хүлээн авч, хурцаар шүүмжилж байгаагаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.

НҮБ энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд бичлэг дээр байгаа хүмүүсийн хэн болохыг нь олж тогтоосон ч одоогоор нууцалж байгаа юм. Израйльд энхийг сахиулах ажиллагаа явуулж байгаа НҮБ-ын ажилчид энэ хэрэгт холбогдсон байж болзошгүй байгаа юм байна. Мөн бичлэг дээр гарч буй улаан даашинзтай эмэгтэйг биеэ үнэлэгч байсан эсэхийг нь олж тогтоох юм байна.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Human Rights Watch” байгууллагын төлөөлөгч Хизер Баррын шүүмжилж байгаагаар НҮБ-ын ажилчдын зүгээс эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн дарамт, хүчирхийлэл үйлдэх хэрэг ихээр гардаг байна. Зөвхөн өнгөрсөн онд НҮБ-ын ажилчидтай холбоотой ийм төрлийн 175 хэрэг бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа