АНУ, Их Британи улсууд бэлгийн цөөнхүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж ЛГБТ хүмүүсийн бэлгэ тэмдэг болсон солонгын тугийг Москва хот дахь элчин сайдын яамдынхаа гадна төрийн далбааныхаа дэргэд зэрэгцүүлэн мандуулсан байна.
ЛГБТ гэдэг нь лесбиян, гей, бисексуал, трансжендер гэсэн үгнүүдийн товчлол бөгөөд олон улсад LGBT гэсэн хэллэгээр өргөнөөр ашигладаг юм.
ЛГБТ-ийн тугийг мандуулснаар бэлгийн цөөнхүүдтэй эв санаа нэг гэдгээ зөвхөн ОХУ-д төдийгүй, дэлхий дахинд харуулахыг зорьсон хэмээн Их Британийн элчин сайдын яамнаас тайлбарласан байна. Бэлгийн цөөнхүүд өөрсөддөө онцгой анхаарал хандуулахыг зорьдогггүй, тэд зөвхөн бусадтай адилхан тэгш эрх эдэлж, ялгаварлан гадуурхахгүйгээр хүндэтгэлтэй харьцааг л хүсдэг гэдгийг Их Британийн дипломат төлөөлөгч хэлсэн байна.
Харин АНУ-ын элчин сайдын яамны тайлбарлаж байгаагаар, АНУ-д 6-р сарыг Бахархлын сар болгон тэмдэглэдэг бөгөөд үүний хүрээнд хүн бүр үзэн ядалт, гадуурхалт, мөрдлөг хавчлагаас ангид байх ёстой гэдгийг харуулах зорилгоор солонгон тугийг мандуулсан гэжээ. ЛГБТ-ийн солонгон тугийг Америкийн зураач, тэмцэгч Гилберт Бейкер анх зохион зурсан бөгөөд тэгш эрхийн бэлгэ тэмдэг болгож 1978 оны 6-р сарын 25-нд Сан-Францискод болсон ижил хүйстнүүдийн эрх чөлөөний өдөрт зориулсан жагсаалын үеэр анх мандуулж байжээ.
Их Британи, АНУ-ын энэ үйлдэлд ОХУ шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн байна. Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковийн сануулснаар насанд хүрээгүйчүүдийн дунд бэлгийн уламжлалт бус чиг хандлагыг сурталчилах нь ОХУ-ын хуулиар хориотой тул солонгон тугийг мандуулсан нь энэ хуулийг зөрчсөн үйлдэл боллоо хэмээн шүүмжилжээ.
Эх сурьалж: gazeta.ru