Их Британийн “Rolling Stones” рок хамтлаг өөрсдийнх нь дууг сонгуулийн өмнөх кампанит ажилдаа ашиглахгүй байхыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад анхаарууллаа. Хэрэв дууг нь дахин ашиглавал шүүхэд өгөх болно гэдгээ хамтлагийн зүгээс мэдэгдсэн байна.
74 настай Дональд Трамп өнгөрсөн 7 хоногт Оклахома мужид болсон дэмжигчдийнхээ уулзалтан дээр Rolling Stones хамтлагийн “You can`t always get what you want” (Чи хүсч буй зүйлээ үргэлж авч чадахгүй) дууг нь тавьсан байна.
Трамп энэ дууг 2016 онд болсон сонгуулийн өмнөх кампанит ажилдаа мөн ашиглаж байжээ. Тухайн үед “Rolling Stones” хамтлаг Дональд Трампыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсан байна.
Тус хамтлаг цаашид өөрсдийнхөө бүтээлийг сонгуулийн кампанит ажилд хууль бусаар ашиглуулахгүй байх тал дээр зохиогчийн эрхийг хамгаалах Америкийн “Broadcast Music” компанитай хамтран ажиллах юм байна.
Эх сурвалж :ВВС