“Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний дөрөвдүгээр” СТЕПС судалгааны тайланг хүлээлгэн өгөх арга хэмжээ 2020 оны 6-р сарын 29-нд Блю скай зочид буудлын Кристал танхимд болов.
Шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан нийгмийн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг явуулахад мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг, үндэсний эрдэмтэн судлаачдаар багаа бүрдүүлсэн шинжлэх ухааны байгууллага болох НЭМҮТ энэхүү судалгааг 21 аймгийн 130 сумын 216 баг, Улаанбаатар хот суурин газрын 142 хорооны 161 хэсгийг хамруулан 377 түүврийн нэгжээс нийт 6654 хүнийг хамруулан судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг сахилга бат, өндөр зохион байгуулалттайгаар гүйцэтгэлээ.
ХБӨ-ийг үүсэхэд нөлөөлөх түгээмэл эрсдэл хүчин зүйлсийн тархалтын талаарх мэдээллийн анхдагч эх сурвалж нь СТЕПС буюу үндэсний тандалтын шаталсан судалгаа юм. Иймээс ДЭМБ-аас 4-5 жил тутамд уг судалгааг давтан явуулж байхыг улс орнуудад зөвлөдөг. Зөвлөмжийн дагуу Монгол улс 2005, 2009, 2013 онуудад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын мянганы сорилтын сангийн техник арга зүй, санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж ирсэн.
Монгол улсын засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан “ХБӨ-тэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 3.3.1-д ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох үндэсний 4-р судалгааг хийж, хамтрагч талуудыг нотолгоогоор хангах, ХБӨ-ний бүртгэл, мэдээлэл, тандалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим, нээлттэй мэдээллийн тогтолцоог үндэсний хэмжээнд бий болгож бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлэв. Анх удаа ЭМЯ “Эрүүл мэндийг дэмжих сан”-аараа дамжуулан санхүүжүүлж, Монгол улсыг бүс нутгаар нь харьцуулан судалж, ДЭМБ-ын “eSTEPS” программын орчинд өөрийн орны онцлогтоо тохируулан мэдээллийн баазыг үүсгэсэн нь 4-р судалгааны нэг онцлог байлаа.
Монгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил шалтгаан нь нийтлэг, урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой Халдварт бус өвчин (ХБӨ) зонхилж, үр бүтээлтэй ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд ихээхэн тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.
НҮБ-ын төрөлжсөн агентлагаас 2015-2016 онд хийсэн үнэлгээгээр Монголчуудын нийт нас баралтын 77%-ийг ХБӨ эзэлж байгаагийн 32% нь 30-70 насныхан байв. Энэхүү үзүүлэлтийг бага болон дунд орлоготой бусад оронтой харьцуулахад манай улс дэлхийд ХБӨ өндөр тархалттай 2 дахь орон болжээ. Түүнчлэн өвчлөлийн архагшсан, хожуу шатанд өртөг өндөртэй оношилгоо, эмчилгээнд эрүүл мэндийн салбарын төсвийн 70 гаруй хувийг зарцуулж байгааг уг үнэлгээгээр тогтоосон.
Хүн амын дунд зонхилон тохиолдох ХБӨ-ний тархалтыг бууруулах чиглэлээр олсон ололтоо бататгах, байгууллага, хамт олон, нийгмийн салбар, олон улсын байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах, хүн амд чиглэсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэх, олон талт байгууллагуудын оролцоонд тулгуурлан ХБӨ-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүс нутгийн ялгаатайгаар хэрэгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоог судалгааны тайлан байдлаар хүлээлгэн өглөө.
Судлагааны үр дүнгээс товчхон дурьдахад:
Монголчуудын дунд ХБӨ-ийг үүсэхэд нөлөөлдөг
1) өдөр бүр тогтмол тамхи татах,
2) хоногт 5 нэгжээс бага жимс, хүнсний ногоо хэрэглэх,
3) хөдөлгөөний хомсдолтой,
4) илүүдэл жин ба таргалалтай,
5) цусны даралт ихсэх гэсэн нийтлэг тохиолддог эдгээр 5 эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлж үнэлгээг өгөхөд аль нэг нь илрээгүй буюу ХБӨ-өөр өвчлөх ямар нэгэн эрсдэлгүй хүн ам дөнгөж 3.9% байна.
Харин 3 ба түүнээс олон эрсдэлт хүчин зүйлс хавсран илэрсэн буюу ХБӨ-өөр өвчлөх өндөр эрсдэлтэй хүн амын үзүүлэлт 22.7% байлаа.
Манай улсын 45-69 насны хүн амын талаас илүү буюу 51.2% нь ХБӨ-өөр өвчлөх өндөр эрсдэлтэй байгаа нь анхаарал татаж байна.
ХБӨ-өөр өвчлөх өндөр эрсдэлтэй буюу нийтлэг тохиолдох 5 эрсдэлт хүчин зүйлсээс 3-5 эрсдэл хавсран илрэх нь эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс их байгаа нь монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт болон тэдний амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байгааг илтгэж байна.
Судалгаанаас гарсан “Сайн” үр дүнгээс жишээ татан хэлэхэд:
ХБӨ-өөр өвчлөх ямар нэгэн эрсдэлгүй хүн ам дөнгөж 3.9% байна. Гэхдээ энэ нь 2013 онд 1 хувьтай байсныг бодоход өссөн нь сайшаалтай.
Зорилттойгоор арга хэмжээг авахад үр дүн гардагийн тод жишээ бол “давс”-ны хэрэглээнд авсан арга хэмжээ юм. Давсны хэрэглээг бууруулах стратегийг хэрэгжүүлж, 2018 оноос "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" аяныг 2 үе шаттайгаар орон даяар өрнүүлсний үр дүнд хүн амын давсны хэрэглээ 2013 оноос 0.6 г-аар, мөн Баруун бүсэд 5.1 г, Улаанбаатарт 1.2 г-аар тус тус буурч, өнөөгийн байдлаар Монгол улсын хүн амын давсны хэрэглээ дунджаар 10.5 г байна. Гэсэн хэдий ч ДЭМБ-ын 5 гр гэсэн зөвлөмжөөс 2 дахин их хэвээр байгааг анхаарах хэрэгтэй. Давс бага хэрэглэдэг заншилтай гэж үздэг Зүүн бүсэд 2.9 г-аар давсны хэрэглээ нэмэгдсэн нь бүс нутгийн онцлог харгалзахгүйгээр хүн амын хэрэглээ нийтлэг болж байгааг харуулж байна.
Монгол Улсын 15-69 насны хүн амын цусны даралтын түвшин болон тархалт өмнөх 2013 онтой харьцуулахад 23.6% болж буурсан сайн үзүүлэлт гарчээ. Монголчуудын дунд тохиолдох тархины харвалтаараа дэлхийд тэргүүлж байгаа тул ЭМЯ-аас хэрэгжүүлсэн 8/20 хөтөлбөрийнхөө хүрээнд “даралт ихсэлт хэмээн тооцох босго түвшинг”-ээ 130/80 мм мөнгөн усны багана болгон бууруулж цусны даралтыг аль болох эрт үед нь илрүүлж, оношлох, эмчилж эхэлсэн нь цаашдаа үр дүнгээ өгөх алхам гэдэгт итгэлтэй байна.
ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшинг 3 шатлалаар судлан доорхи үр дүнгүүд гарсныг дэлгэрэнгүй болон товч хэлбэрээр тайлагналаа. Үүнд:
1. Зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйлс болох архи, тамхи, жимс, хүнсний ногоо, өөх тосны хэрэглээний тархалт, хөдөлгөөний идэвхийн байдлыг өмнөх судалгааны үр дүнгүүдтэй харьцууллаа.
2. Зан үйлийн завсрын эрсдэлт хүчин зүйлсийн тархалт болох биеийн жингийн индекс, илүүдэл жин, таргалалт, төвийн таргалалттай хүн амын эзлэх хувийг мөн өмнөх судалгаатай дүйцүүлэн үзлээ.
3. Зүрх судасны өвчний ойрын 10 жилд тохиолдох эрсдэл, артерын даралтын дундаж, түүний ихсэлтийн тархалт, зүрхний цохилтын тоог тодорхойлж, анх удаагаа тосгуурын жирвэгнээ хэм алдагдлын тархалтыг гаргалаа.
4. Чихрийн шижингийн тархалтаас гадна анх удаагаа бодисын солилцооны хамж шинжийн тархалтыг тодорхойллоо.
5. Хөх умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийг өмнөх онуудтай харьцуулж, хүний хөхөнцөр вирусын тухай ард иргэдийн мэдлэг, хандлага, дадал, вакцины талаарх мэдлэгийг мөн тодорхойллоо.
6. Цусны нийт холестерин, триглицерид, их ба бага нягтралтай липопротейны агууламжийг тогтоолоо.
7. Давсны хэрэглээний талаар хүн амын мэдлэг дадал, гадуур хооллолтоос татгалзах, давснаас бусад амтлагч хэрэглэх, боловсруулсан хүнс хэрэглэхээс татгалзах дадлуудыг тодорхойлохоос гадна шээсний натри, креатинины агууламжийг цусанд тогтоолоо.
8. Зам тээврийн осол гэмтэл, хүчирхийллийн тархалтыг зам тээврийн осолд орсон, эмнэлгийн тусламж авсан, суудлын даруулга хэрэглээгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочтой тээврийн хэрэгслээр зорчсон, дуулга хэрэглээгүй, хүчирхийллийн улмаас гэмтэж эмнэлгийн тусламж авсан, хүүхэд насандаа хүчирхийлэлд өртсөн, өөрийн аюулгүй байдалдаа сэтгэл зовниж байгаа хүн амын эзлэх хувиар гаргалаа.
9. Амны хөндийн эрүүл мэндийн хувьд хиймэл шүдний тоо, амны хөндийн арчилгааны давтамж, цэвэрлэгээний хэрэгслүүдийн хэрэглээ, шүдний өвчлөлийн улмаас эмнэлгийн тусламж авсан хүмүүсийн тоог тодорхойллоо.
Сувдмаа
2021-04-19
Хбө-с сэргийлэхийн тулд хүн бүрамьдралын зөв дадал хэвшлийг эзэмших хэрэгтэй .Дасгал хөдөлгөөн хийх зөв хооллох хавдараас сэргийлэх г.м шинжилгээнд хамрагдаж байх эрүүл аюулгүй орчинд амьдрах
Сувдмаа
2021-04-19
Хбө-с сэргийлэхийн тулд хүн бүрамьдралын зөв дадал хэвшлийг эзэмших хэрэгтэй .Дасгал хөдөлгөөн хийх зөв хооллох хавдараас сэргийлэх г.м шинжилгээнд хамрагдаж байх эрүүл аюулгүй орчинд амьдрах