Хятадын эрдэмтэд цар тахлын хэмжээнд хүргэж болзошгүй гахайн ханиадны шинэ төрлийн халдварт вирусийг нээн илрүүлсэн байна. Гахайнаас үүдэлтэй энэ вирус нь хүнээс хүнд халдварлах боломжтой тул коронавирус шиг дэлхийг хамарсан цар тахлын хэмжээнд дэгдэж болзошгүй хэмээн эрдэмтэд эмээж байгаа юм байна. Одоогоор ноцтой аюул заналхийлээгүй ч вирусийг сайтар судалж, хяналтад авч, барьж тогтоох шаардлагатайг Хятадын эрдэмтэд анхааруулж байна.
Ийм төрлийн вирустэй хамгийн сүүлд дэлхий нийт 2009 онд нүүр тулгарч байсан юм. 2009 онд Мексикт эхэлж улмаар дэлхийн олон оронд тархсан гахайн ханиадны A/H1N1pdm09 вирус тухайн үед эрдэмтдийн тооцолж байснаас харьцангуй бага хохирол учруулсан байна. Учир нь тухайн вирус нь өмнөх жилүүдэд дэгдсэн ханиадны вирустэй зарим талаараа төстэй байсан тул хүмүүст вирусний эсрэг дархлаа тогтсон байжээ. Түүнчлэн Мексикийн гахайн ханиадны эсрэг вакциныг гаргаж авсан бөгөөд дэлхийн олон орон иргэдээ жил бүр энэхүү вакцинд хамруулдаг болсон байна.
Харин Хятадад бүртгэгдсэн энэ удаагийн вирус нь цоо шинэ тул хүмүүст энэхүү вирусний эсрэг дархлаа суугаагүй байгаа юм байна. Хятадын гахай үржүүлгийн ажилтнуудаас шинэ төрлийн вирусээр халдварласан хэд хэдэн тохиолдлыг илрүүлээд байгаа юм байна.
Эх сурвалж : ВВС