Эрүүл мэндийн яамнаас Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллэж байсан билээ. Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрээр хэлэхдээ : Өчигдөр /2020.06.29/ Ховд аймгийн төвд 27 настай залуу тарваган тахлын уушгины хэлбэр гэсэн оноштойгоор бүсийн оношлогоо эмчилгээний төвд эмчлэгдэж байна. Биеийн байдал маш хүнд байна. Ойрын хавьтал 60 гаруй хүн, 2 дугаар хавьтал 400 гаруй хүн болсон. Ховд аймгийн Цэцэг сум, Жаргалант суманд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Тарваган тахал бол Зоонозын халдварт өвчин. Коронавирустэй адилхан. Ялангуяа уушгины хэлбэр бол коронавирусний хатгаатай маш төстэй хүндрэл ихтэй, нас баралт ихтэй өвчин. Тийм учраас манай ард иргэд тарвагыг агнахгүй байх, тарваганы арьсийг өвчихгүй байх, ялангуяа тарвага болон бусад амьтны түүхий эд эрхтэнг идэхгүй байх нь маш зүйтэй байна.
Тарваган тахал нь булчирхай, уушгины, гэдэсний гэсэн үндсэн хэлбэрүүдтэй байдаг. Үүн дотроос хамгийн халдвар их тараадаг хэлбэр нь уушгины хэлбэр. Ялангуяа өвчтөнөөс гарч байгаа цэрээр халдвар маш амархан тардаг. Ийм учраас нэгдүгээр хавьтлуудын хүмүүсийг эмнэлэгт тусгаарлаж, антибиотик эмчилгээнд оруулах арга хэмжээ авдаг гэлээ.