МАН-ын VII дугаар Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Бага хурлыг МАН-ын дарга У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ:"Улс төрийн ууган хүчин МАН-д итгэж, бидний мөрийн хөтөлбөрийг дэмжсэн, хууль тогтоох дээд байгууллагын сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшсэн 76 нэр дэвшигчийн 62-ыг нь сонгож итгэл хүлээлгэсэн ард түмэндээ баярлалаа. Одоо бид маш хариуцлагатай ажиллах ёстой. Бид ард түмнийхээ итгэл найдварыг хариулах үлдэж байна. Эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой. Улс төрийн ууган хүчний хувьд МАН бүхий л хүчээ дайчлан ажиллах ёстой. Өнөөдрийн Бага хуралд оролцохоор танхимд 189 хүн хүрэлцэн ирсэн байна. Мөн хөдөө орон нутгаас буюу цахимаар 97 хүн оролцож байна. Нийт 87.5 хувийн ирцтэй байна" гээд Бага хурлын тогтоолыг танилцууллаа. МАН-ын Бага хурлыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар удирдан явуулахаар боллоо.
Хуралдаан даргалагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын Бага хурлаар хэлэлцэх асуудлыг намын Удирдах зөвлөл баталсны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыг томилно" гэлээ.