Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.07.01/ коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээлэл хүргэлээ. Энэхүү мэдээллээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү : 2020.06.30 нд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Дархан – Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 406 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд : Энэтхэг – Улаанбаатар, Сөүл – Улаанбаатар онгоцоор ирж ажиглах байранд тусгаарлагдсан 378 хүний давтан шинжилгээ, мөн ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээг хийсэн. Коронавирус илрээгүй. Мөн идэвхитэй тандалт буюу хүн амын дунд болон УНТЭ, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвөөс цуглуулсан сорьцоос санамсаргүйгээр түүврээр 7 сорьцийг сонгон авч шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 19 жолоочийн сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр бидэнд 2 сайн мэдээ байна. 21 настай, эрэгтэй, ОХУ-аас ирсэн оюутан 36 хоног эмчлэгдээд эдгэрч өнөөдөр дараагийн шатны сувиларуу шилжлээ. Ингээд Монгол улсад коронавирусний батлагдсан тохиолдол 220 байгаагаас 176 хүнийг эмчлэн эдгээлээ. Одоогоор 44 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлвэл 33 хүн хөнгөн, 11 хүн хүндэвтэр байна. Эмчилгээнд чихрийн шижин өвчтэй 1 хүн , 6 настай, 12 настай 2 хүүхэд, 2 жирэмсэн эмэгтэй байна. Бас дахин нэг сайн мэдээ нь 2020 оны 7 сарын 1 буюу өнөөдөр өглөө 7:00 цагт ХӨСҮТ-ээс эмчлэгдээд дараагийн шатны сувилалруу шилжин хянагдаж байсан жирэмсэн эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржиж охинтой боллоо. Тандалт судалгаа, шинжилгээ, эмчилгээ үргэлжилж байна гэлээ.