Чехийн нийслэл Прага хотын оршин суугчид Чарльз гүүрэн дээр 500 метрийн урттай ширээ засч гэр гэрээсээ хоол, унд авчран “Коронавирусийг үдэх” үдэшлэг зохион байгуулсан байна. Гүүрэн дээр цугласан олон зуун иргэн хоорондоо зай барих журмыг мөрдөхгүйгээр зэрэгцэн сууж найралжээ.
Үдэшлэгийг зохион байгуулагч Ондрез Кобза - “Бид коронавирусний хямралыг төгсгөл болгож, хүмүүст бие биетэйгээ уулзах боломжийг бүрдүүлэн, хөрштэйгээ уулзаж сэндвичээ хувааж идэхэд айх зүйл огт байхгүй гэдгийг харуулахыг зорьсон” гэжээ.
Гадны жуулчдыг ихээр татдаг Чарльз гүүрэн дээр зохион байгуулсан үдэшлэгийн ширээний захиалга эртнээс дүүрсэн байна.
Чехийн засгийн газар олон нийтийн газар нэг дор мянгаас дээшгүй хүн цуглахыг өнгөрсөн долоо хоногт зөвшөөрсөн юм. Түүнчлэн усан бассейн, музей, амьтны хүрээлэн, цамхагуудад зочдын тоог хязгаарлахгүйгээр үйл ажиллагааг нь сэргээсэн байна. Ресторан, баар, шөнийн цэнгээний газруудын хувьд сарын өмнөөс нээгджээ.
10 сая гаруй хүн амтай Чех улсад халдварын 12 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 350 орчим хүн цар тахлаар амиа алдаад байгаа юм байна.