2024 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусах ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд дахин сонгуульд өрсөлдөх эрхийг олгох үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга ОХУ-д явагдаж дууслаа. 65 хувийн ирцтэй явагдсан санал асуулгын урьдчилсан дүнгээр үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг 78,04 хувь нь дэмжиж, 21,15 хувь нь эсэргүүцсэн байна.
ОХУ-ын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тэглэх заалтыг оруулж өгсөн юм. Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь үүнийг дэмжсэн учир Путин 2024 оны сонгуульд дахин 6 жил төрийн эрх барихын төлөө өрсөлдөх эрхтэй болох юм. Цаашлаад түүний хувьд 2036 он хүртэл буюу 84 нас хүртлээ төрийн эрхийг удирдах боломжтой болох юм.
7 хоногийн турш үргэлжилсэн санал асуулгын сүүлчийн өдөр Ерөнхийлөгч Владимир Путин санал авах хэсэгт очихдоо амны хаалт зүүгээгүй байна. Мөн коронавирусний халдвар аваад эдгэрсэн ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин санал асуулгад амны хаалтгүй оролцсон нь нэлээдгүй шүүмжлэл дагуулсан байна.
Эх сурвалж: Вести