Цаг үеийн мэдээ

Зээ хүүгийнх нь амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, замын түгжрэлд орж саатаж, яарч байсан эгзэгтэй үед цагдаагийн албан хаагч нар таарснаар амийг нь аварсан тухай Чингэлтэй дүүргийн 12-р хорооны иргэн Х.Амарсайхан бидэнтэй талархсан сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэр өдөр яг  ямар үйл явдал болсон бэ? Зээ хүүгийн тань биеийн байдал ямар байна вэ?

2020 оны 06 дугаар сарын 19-ний өглөө зээ хүү минь санамсар болгоомжгүйн улмаас тагтнаасаа юм авах гэж байгаад хагарсан хамгаалалтын шилэнд баруун гарын судсаа зүссэнээс болж цус их хэмжээгээр алдаж, яаран эмнэлэг явж байсан юм. Ажлын өглөө байсан болохоор зам түгжрээ ихтэй, яах аргаа мэдэхгүй сандралдаж, хүүгийн минь гарнаас цус алдан тогтохгүй, ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт санагдаж байх үед пургон машинтай цагдаагийн алба хаагч нар таарсан.

Биднийг тусламж хүсэхэд найрсагаар машиндаа суулгаад шууд л дуут дохиогоо асаан, эмнэлэгийн анхны тусламжийг үзүүлэн цаг алдалгүй “Гэмтэл Согог Судалалын Үндэсний Төв”-д хүргэж өгсөн. Үнэхээр тэр үед хүүгийн минь амь нас хэдхэн секундээр  хэмжигдэж байсан юм. Маш их цус алдсан учраас дусал хийлгэх, шарлага, боолт хийлгэхээс эхлээд эмчилгээ хийгдсэн, одоогоор биеийн байдал дунд зэрэг байна.

Та бүхэнд яаралтай тусламж үзүүлсэн  алба хаагчдын тухай ярьвал?

Өргөсөн тангарагтаа үнэнч залуустаа дахин дахин талархаж байна. Эргүүл хамгаалалтын газрын алба хаагч нар болох цагдаагийн дэд ахлагч Д.Болортуяа, цагдаагийн ахлагч Б.Баттогтох, цагдаагийн ахлагч цагдаа жолооч С.Тэгшбаатар нар болохыг хожим сураглаж байгаад  л мэдлээ. Мөн тэр үед тэд ажлын үүрэг авчихсан яарч явсан гэдгийг сүүлд нь мэдсэн. Дуут дохиогоо асаан маш шуурхай явж хүүг минь аварсан. Машинд явж байх үед анхны тусламж үзүүлэн, сандарч балмагдсан ээжийг нь хүртэл тайвшруулж сэтгэлийн дэм өгч байсан нь цагдаагийн алба хаагч нар иргэдэд тохиолддог гэнэтийн асуудалд албаны бэлэн байдал талаасаа болон сэтгэлзүйн хувьд хэр бэлтгэгдсэн бэ гэдгийг мэдэж авч маш их бахархсан.

Эмнэлэгт ирэх үед хүүгийн биеийн байдал ямар байв?

Эмч нар хэлэхдээ “Цаг алдалгүй маш түргэн ирсэн нь хүүхдийн амь насанд аюул, эрсдэл учрахаас хамгаалсан” гэсэн. Миний зээ хүү хөгжмийн сургуульд суралцдаг. Үнэхээр цаг алдалгүй эмнэлэгийн тусламж авч чадсанд нь хязгааргүй их баярлаж байна. Тэдгээр алба хаагч нар бидэнд туслаж, яаралтай арга хэмжээ авснаар нэг монгол хүүгийн ирээдүй, авьяас чадварыг нь гэрэлтүүллээ. Эмч, цагдаагийн алба хаагч нартаа талархаад баршгүй. Цагдаа нар маань хүргээд өгөхөд эмч нар маань яаралтай тусламжаа үзүүлчихлээ. Одоо зээ хүүгээ бүрэн эдгэрэхийг л хүлээж байна.

Энэ үйл явдлын дараа дуут дохиогоо асаагаад явж байгаа эмнэлэг болон цагдаагийн автомашиныг харахад танд юу бодогдож байна вэ?

Манай гэр бүл үүнийг биеэрээ мэдэрч, ойлголоо. Дуут дохиогоо асаагаад явж байгаа эмнэлэг, гал команд, цагдаагийн байгууллагын машинд зам тавих хэрэгтэй. Дотор нь яарсан, тэвдсэн хүмүүс л хайртай хүнээ энэ амьдралд авч үлдэх үү гэдэг хэдхэн хормоор яригддаг юм байна. Хэрвээ тэгэхэд цагдаагийн машин таараагүй бол гэж бодохоор аймшигтай санагдаж байна. Бид цөөхөн Монголчууд, тус болсон хүндээ талархаж чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа цагдаагийн алба хаагч нар яг бидэнтэй л адилхан хүмүүс. Ар гэрийг нь хүртэл магтмаар. Үнэхээр амаргүй алба гэдгийг илүү ойлголоо. Тэдний ард түмний төлөө хийсэн зүйл маш их. Түүнийг нь бид үнэхээр тэр бүр ярьдаггүй. Гол төлөв муулдаг нь харамсалтай. Бахархмаар сайхан хүмүүс гэдгийг эгч нь энэ үйл явдлаас мэдэрлээ.

Танай алба хаагч нар их даруухан юмаа гэж та хэлсэн. Яагаад ийн бодох болов?

Тухайн үед яарч сандарсан, балмагдсан байсан болохоор бидэнд тусласан цагдаагийн алба хаагч нарын нэрийг асуух нь байтугай машиных нь дугаарыг харах ч сөхөө байгаагүй. Аз болж нэг дугаар тэмдэглэн үлдсэн нь дэд ахлагч Д.Болортуяа байв. Хэд хоногийн дараа залган “Талархал илэрхийлье” гэхэд “Яахав ээ, эгчээ. Зээ хүүгийн тань бие л зүгээр бол болжээ” гээд ер хаана ажилладагаа тодорхой хэлдэггүй шүү. Эгч нь өөрөө эрэл сурал болж байж олж мэдсэн юм /инээв/.

Та тэгэхээр талархлаа өөрөө зорьж утсаар мэдэгдсэн гэсэн үг үү?

Тэгэлгүй яахав. “Засгийн Газрын Иргэд Олон Нийттэй Харилцах Төв”-ийн 11-11 дугаарт, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл хүлээн авах 126 дугаарын утсанд залгаж талархлаа илэрхийлсэн. Манайхан дандаа л гомдол, санал хэлдэг хэрнээ аварсан, хамгаалсан, сайн үйлд нь баярлаж бахдаж байгаагаа тэр бүр хэлэхгүй өнгөрдөгт нь би хувьдаа шүүмжлэлтэй ханддаг. Хэзээ ч сайн сайхан байна цагдаа дуудаарай гэдэггүй шүү дээ. Тэдний ажил нь ч бас ийм онцлогтой юм. Муу муухай, хэцүү бэрх бүхэнд хамгийн түрүүнд очдог цагдаагийн байгууллагын алба хаагч нарын төлөө миний хийж чадах ганц зүйл бол талархал л байсан. Энэ албыг манай гэр бүл насан туршдаа хүндлэн, хайрлах дурсамжтай үлдсэн. Та бүхэндээ ажлын амжилт хүсэж байна.

Ярилцсан: Цагдаагийн дэд ахлагч С.Мягмарсүрэн

Эх сурвалж : Цагдаагийн Ерөнхий газар 

 

Таны сурталчилгаа