Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах мэдээлэл хийлээ.

Тэрбээр "ЗӨСҮТ зургаадугаар сард 38 удаагийн дуудлагаар үйлчилж, тусгай үүргийн 11 онгоцны 2,500 зорчигчийн гар тээш, ачаа болон 89 тээврийн хэрэгсэлд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.

Өнөөдөр тусгай үүргийн гурван онгоц ирж байгаа дээр манай гурван баг ажиллаж байна.

Өчигдөр Замын-Үүд рүү манай авто лаборатори явсан. Урьдчилсан байдлаар тэнд 400-500 сорьцод шинжилгээ хийхээр төлөвлөж байна.

Ховд аймагт тарваган тахлын халдвар гараад байгаа. Зургаадугаар сарын 23-ны өдөр тарвага агнасантай холбоотойгоор хоёр хүн халдвар авсан. Хоёр өвчтөний биеийн байдал хүнд Ховд аймгийн БОЭТ болон Цэцэг сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор нэгдүгээр хавьтал 147, хоёрдугаар хавьтал 504 хүнийг тандалт судлагааны үр дүнд илрүүлэн, нэгдүгээр хавьтлуудыг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулаад байна. Нэгдүгээр хавьтлуудаас хамгийн ойрын хавьтал болох эмнэлгийн тусламж үзүүлсэн, оношилсон, дуудлаганд очсон гэх мэт 46 иргэнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан.

Өвчтөний цэр, шээс, булчирхай, шүлснээс авсан шинжилгээгээр тарваган тахлын булчирхай, уушгины хэлбэрээр өвчилсөн нь бүрэн тогтоогдсон. ЗӨСҮТ-өөс баг очин ажиллаж байгаа бөгөөд хөл хорионы дэглэмийг хэрхэн зохион байгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч байна.

Өнөөдөр Ховд аймагт 900 гаруй хүүхэд ЭЕШ өгч байгаа бөгөөд 22 хүүхэд Цэцэг сумаас ирж шалгалт өгч байна. Тэдгээр хүүхдүүдийг халдвар хамгааллын хатуу хяналтан дор шалгалт өгүүлж байгаа.

Тарваган тахлын халдвар гарахад цаг хугацаа алдах, эсвэл эмчилгээний тактик буруу бол нас баралт 100 хувь хүртэл байдаг аюултай өвчин. Эмчилгээг харьцангуй эрт эхэлсэн, тактик зөв байгаа учраас өвчтөнүүдийн бие хүнд байгаа ч тогтворжих хандлагатай байна" гэв.

Иргэд маань тарваган тахалын шинж тэмдэг илэрвэл эхний ээлжинд эмнэлгийн байгууллагад утсаар мэдээлэл өгөх хэрэгтэй юм байна.

Сүүлийн жилүүдэд эмнэлэгт өөрөө очих, тарваганы мах, түүхий эд хэрэглэснээ нууснаар эмнэлгийн байгууллагын ажилтнуудыг эрсдэлд оруулах, эмчилгээ оройтох, оношийг төөрөгдүүлж, биеийн байдлаа хүндрүүлэх, амь насаа алдах хүртэл нөхцлийг бүрдүүлсээр байгаа. Тиймээс анхаарал болгоомжтой байхыг зөвлөлөө.

Таны сурталчилгаа