Цаг үеийн мэдээ

Их Британийн иргэн 18 настай Элли Голдстейн дауны хам шинжтэй төрсөн бөгөөд дэлхийн хувцас загвар, гоо сайхны алдарт компани Gucci-гийн рекламд тоглосон дауны синдромтой анхны хүн болсон байна. Үүгээр зогсохгүй тэрээр Vogue сэтгүүлийн хуудсан дээр гарчээ. Энэ амжилтад хүрэхэд түүний өөрийнх нь хичээл зүтгэл, авьяас чадвараас гадна охиныхоо төлөө гэсэн эцэг эхийнх нь тууштай байдал хамгаас илүүтэйгээр нөлөөлсөн байна.

Брэндийнх нь шинэ нүүр царай болсон Эллигийн гэрэл зургийг Gucci компани инстаграм хуудсандаа нийтэлсэн даруйд нэг сая орчим лайк авч, олон мянган хүн Эллиг бахдаж, урам зориг өгсөн сэтгэгдэл үлдээжээ.

2017 оноос хойш загварын “Zebedee Management” агентлагт моделиар ажиллаж байгаа Элли Голдстейний авхуулсан Gucci-гийн Mascara L`Obscur сормуусны будагны сурталчилгааны зураг нь Vogue-ийн цахим сэтгүүлийн хуудаснаа гарсан байна.

Элли моделийн ажлаасаа гадна “Redbridge” коллежид тайз дэлгэцийн чиглэлээр суралцаж байгаа юм байна.

Тэрээр “Zebedee Management” агентлагаараа дамжуулан эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан Nike-ийн рекламд тоглож байжээ.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа