Их Британийн хэвлэлийн магнат Роберт Максвеллийн охин 58 настай Гислейн Максвеллийг насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татаж, хүчирхийлж, биеийг нь үнэлэх гэмт хэргийг зохион байгуулсан хэрэгт буруутган баривчилсан байна.
Тэрээр дээрх хэргүүдэд буруутгагдан шоронд ял эдэлж байхдаа өнгөрсөн оны 8 дугаар сард амиа егүүтгэсэн Америкийн бизнес эрхлэгч Жеффри Эпштейний найз бүсгүй байсан юм. Максвелл нь Эпштейнтэй үерхэж байхдаа түүнд зориулж насанд хүрээгүй буюу 14 орчим насны охидыг зуучилж найз залуугийнхаа гаж зуршлыг гүйцэлдүүлдэг байжээ.
Ингэхдээ тэрээр хохирогч охидыг гэр бүлийн байдлаар нь судалж сонгосны эцэст кино театр, дэлгүүрүүдээр дагуулж яван итгэлийг нь олж улмаар садар самуунтай холбоотой яриа өрнуулж, заль мэхэндээ оруулан найз залуудаа авчирдаг байжээ. Тэрээр найз залуу нь болох Эпштейнийг зуучилж авчирсан насанд хүрээгүй охидтой нь бэлгийн харьцаанд орж байх үед заримдаа өөрөө дэргэд нь байж, хардаг байсан байна.
Их Британийн сэхээтэн гэр бүлээс гаралтай Максвеллийг АНУ-ын Нью-Хемпширт баривчилсан бөгөөд хэрэв гэм буруутайг нь тогтоовол доод тал нь 10 жилийн хорих ял оноох юм байна.
Эх сурвалж: ВВС