Английн банкинд хадгалагдаж байгаа Венесуэлийн улсын нөөцийн алтыг тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурод хүлээлгэж өгөхөөс татгалзсан шийдвэрийг Их Британийн дээд шүүхээс гаргасан байна. Учир нь Их Британи улс Николас Мадурог Венесуэлийн хууль ёсны Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, харин тус улсын сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдог хууль ёсны ерөнхийлөгч нь хэмээн үзэж байгаа юм байна.
Николас Мадурогийн засгийн газар улс оронд нь дэгдсэн коронавирустэй тэмцэх зорилгоор Английн банкинд хадгалуулсан 1 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээний алтаа буцаан авахыг хүсч байгаа юм. Гэвч татгалзсан хариу авсныхаа дараа энэ асуудлыг шийдвэрлэхэд зуучлагчаар оролцохыг НҮБ-аас хүссэн байна.
Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо нь Мадурогийн засгийн газрыг улсынх нь нөөцийн алтыг коронавирусний тэмцэлд бус харин хээл хахуулийн системд ашиглахыг зорьж байгаад буруутган, алтыг нь өгөхгүй байхыг Английн банкнаас хүссэн юм байна.
Венесуэль улс хоёр Ерөнхийлөгчтэй байгаагийн шалтгаан нь: 2018 оны 3-р сард явагдсан сонгуулийг тус улсын сөрөг хүчний ихэнх нам бойкотлосон ч, сонгуулийг явуулж Николас Мадуро 2 дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Түүнийг улиран сонгогдсоныг улсынх нь Үндэсний Ассамблей хүлээн зөвшөөрхөөс татгалзаж, төрийн тэргүүний суудлыг эзгүй байгаа хэмээн үзсэн байна.
Венесуэлийн үндсэн хуульд зааснаар, ерөнхийлөгчийн суудал эзгүй тохиолдолд улсынх нь Ерөнхий Ассамблейн тэргүүн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдох ёстой юм. Үүний дагуу Ерөнхий Ассамблейн даргаар ажиллаж байсан сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдог ерөнхийлөгчөөр зарлажээ.
АНУ, Их Британи зэрэг дэлхийн 50 гаруй орон Гуайдог Венесуэлийн хууль ёсны Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрч байгаа юм. Харин манай 2 хөрш болох ОХУ, БНХАУ Николас Мадурог Венесуэлийн хууль ёсны төрийн тэргүүн хэмээн үзэж байгаа юм.
Николас Мадуро Ерөнхийлөгчийн ордондоо үлдсэн бөгөөд улсынх нь цэрэг арми, цагдаа, дээд шүүх, сонгуулийн ерөнхий хороо түүний мэдэлд байдаг байна.
Эх сурвалж: ВВС