Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.07.05/ коронавирусний халдварын талаарх ээлжит цаг үеийн мэдээллийг өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны 7 сарын 4-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан -Уул салбар лабораторид нийт 55 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, тандалтын болон Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 42 жолоочийн сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр бидэнд сайн мэдээ байна. Хоёр хүн эдгэрч дараагийн шатлал руугаа шилжиж байна. Үүнд 22 настай оюутан 49 хоног эмчлэгдсэн бол нөгөөх нь ачаа тээврийн жолооч 32 настай хүн 16 хоног эмчлэгдээд дараагийн шатлал руу шилжиж байна. Ингэснээр Монгол Улсад коронавирусний бүртгэгдсэн тохиолдол 220 байгаагаас 185 хүнийг нь эмчлэн эдгээлээ. Одоо эмчилгээнд 35 хүн байна. Үүнд, 33 хүн хөнгөн, 2 хүн хүндэвтэр байна. Эмчлэгдэж байгаа хүмүүст, нэг жирэмсэн хүн, 6, 12 настай хоёр хүүхэд бий. Өчигдөр Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүнээс шинжилгээ авах ажиллагаа эхэлсэн. Өнөөдөр шинжилгээг аваад маргааш хариуг танилцуулна" гэлээ.