Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.07.06/ ээлжит мэдээллийн цагаараа коронавирусний нөхцөл байдлыг мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү : 2020 оны 7 сарын 5нд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Дархан -Уул аймгийн салбар лабораториудад нийтдээ 334 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Задлаж танилцуулбал : ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний шинжилгээ, идэвхитэй тандалтын зорилгоор 7 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэ нь Хан-Уул дүүргийн эмнэлэг, Баянгол дүүргийн эмнэлэг, Налайх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв зэргээс авсан сорьцод хийжээ. Ажиглах байранд тусгаарлагдсан 26 хүний давтан шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Мөн Токио - Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолоочийн сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдан хяналтад байсан 2 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Мөн өнөөдөр сайн мэдээтэй. 3 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалруу шилжлээ. Үүнд : 22 настай эрэгтэй, 48 хоног эмчлэгдсэн, 36 настай эрэгтэй 37 хоног эмчлэгдсэн, 51 настай эмэгтэй 23 хоног эмчлэгдээд эдгэрч дараагийн шатруу шилжлээ. Ингээд Монгол улсын хэмжээнд нийт батлагдсан 220 тохиолдлоос 188 хүнийг эмчилж эдгээлээ. 32 хүн ХӨСҮТ-д эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлж үзвэл 1 жирэмсэн эмэгтэй, 2 хүүхэд байна. Чихрийн шижин суурь өвчтэй 1 хүн эмчлэгдэж байна. Мөн ажиглах байранд тусгаарлагдаж байсан жирэмсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж охинтой боллоо.
Өчигдөр Алтанбулагийн боомтоор 134 хүн орж ирсэн. Эдгээр хүмүүсийг Дархан-Уул аймгийн тусгаарлах ажиглах байранд хуваарилж тусгаарласан гэлээ.