Өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах Монгол Улсын хоёр дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нээлт боллоо. 2010 оноос барьж эхэлсэн ч хөрөнгө мөнгийг нь шийдэлгүй, царцааж барилгын ажил зогссон байсныг 2018 онд Засгийн газраас шийдвэр гаргаж энэхүү төвийг ашиглалтад орууллаа.Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрээр : 2 жилийн өмнө эрүүл мэндийн салбарт 20-иод царцсан барилга байсан. Өнөөдөр бүгд хөдөлжээ. Дуу дуугаа аван ашиглалтад орж байна. Дахиад ч орно. Өнөөдрийнх маш чухал. Яагаад гэвэл энэ бол эх, хүүхдэд үйлчлэх эмнэлэг. Эх нялхсын төв маань 30 жилийн өмнө хүн ам 2 сая байхад байгуулагдсан. Ачаалал асар их. Тэгвэл 2 дахь эх, хүүхдийн төвийн барилгаа бид бэлэн болгочихлоо. Тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэх даалгаврыг Ерөнхий сайд маань сангийн сайдад өгсөн. Ажил хэрэг бүтэмжтэй байгаа. Ухнаагийн Хүрэлсүхэд талархаад баршгүй. "Дутуу санхүүжилтийг шуурхай шийд. Бид эх, хүүхдээсээ харамлаж болохгүй" гэдэг үгийг Ерөнхий сайд эрс шулуун хэлж алх цохин шийдвэрлэснээр 10 жил гацсан 34 мянган метр квадрат энэ эмнэлэг ийнхүү бэлэн боллоо. МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ гэжээ.