Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн улсын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, Хил хамгаалах албаны байгууллагуудтай 2016 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж, Америкийн Нэгдсэн улсад хураагдаад байсан Монгол улсын өв болох Протоцератопс, Тарбозавр батаар, Гобихадрос үлэг гүрвэлүүдийн бүлэгт хамаарагдах олдворуудыг буцаан авах “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд Монголын талаас Монгол Улсаас Америкийн Нэгдсэн улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр, Америкийн Нэгдсэн улсын талаас Дотоодын аюулгүй байдлын яамыг төлөөлж ноён Роберт Бартоло нар 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан юм. Гэрээ хүчин төгөлдөр болж Монгол улсын өв болох дээр дурдсан үлэг гүрвэлийн олдворуудын өмчлөлийн эрх нь Монгол Улсын Засгийн газарт шилжсэн, АНУ-д суугаа Элчин Сайдын яам олдворуудыг Монгол улсад аюулгүй тээвэрлэж хүргүүлэх ажлыг хариуцан 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ОМ – 7802/23 нислэгээр зохион байгуулсан.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 52.7 дахь заалт, Засгийн газрын 2019 оны “Соёлын биет өвийг эргүүлэн авчрах тухай” 2019 оны 141 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Ажил зохион байгуулах тухай” 2019 оны А/243 тоот тушаалын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/35 тоот тушаал батлагдан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 14.00 цагт уг палеонтологийн олдворуудыг хүлээн авч Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт шилжүүлэх ажил зохих хууль, дүрэм, журмын дагуу хийгдлээ. Хууль тогтоомжид зааснаар хүлээлцэн авахад байлцах төрийн захиргаа, хүчний болон үйлчилгээний байгууллагын албан тушаалтан, ажилтнууд байлцлаа.
Ийнхүү Дэлхийн шим ертөнцийн түүхийн бодит, эх баримт болох ховор олдвор цуглуулгыг эх нутагт нь авчирч, Монгол улсын эртний амьтан ургамлын сан хөмрөг баяжигдаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой.
Хууль бус малтлагын золиос болсон эдгээр олдвор нь хэзээ, хаанаас, газрын гадаргын ямар үе давхаргаас олдсон зэрэг эртний шим судлалын хамгийн чухал анхан шатны суурь мэдээлэл нь алдагдсан тул судалгаа шинжилгээгээр тэдгээрийг нь тогтоож, олон улсын стандартад нийцүүлэн баталгаажуулснаар шинжлэх ухааны болон танин мэдэхүйн эргэлтэд оруулах боломжтой.
Хамтарч ажилласан:
- ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн
- Монгол динозавр судлалын хүрээлэн
- Байгалийн түүхийн музей
- "Туушин" ХХК-д талархал илэрхийлье!