Оромо үндэстний дуу хоолой болж, тэдний хүсэл зорилго, үзэл бодлыг дуугаараа дамжуулан илэрхийлдэг байсан Этиопын нэрт дуучин Хачалу Хундесса энэ даваа гарагт буудуулж амиа алдсан байна. Түүнтэй салах ёс гүйцэтгэхийг хүссэн олон мянган шүтэн бишрэгч нь энэ долоо хоногийн эхээр нийслэл Аллис Абеба хотод цугларч эхэлжээ.
Дуучны шарилыг төрөлх Амбо хотод нь нутаглуулахаар авч явах гэж байхад нь Этиопын хэвлэлийн магнат, өнөөгийн засгийн газрыг хүчтэй шүүмжлэгч улс төрч Жавар Мохаммед саад хийснээс болж эмх замбараагүй байдал бий болж, улмаар үндэстэн хоорондын мөргөлдөөн үүссэн байна. Хэдэн хоног үргэлжилсэн мөргөлдөөний үеэр 166 хүн амиа алдсан нь тогтоогдсон байна.
34 настай нэрт дуучны үхэлтэй холбогдуулан 35 хүнийг баривчилжээ. Мөн сөрөг хүчний улс төрч Жавар Мохаммедыг баривчилж, түүний мэдлийн телевизийн сувгийг олон хүний амийг авч одсон үймээн самууныг өдөөн турхирсан хэрэгт буруутган хаасан байна.
Этиопын засгийн газар эмх замбараагүй байдлыг намжаахын тулд зарим хэсгүүдийн интернетийг хаасан байна. Цагдаа нар мөргөлдөөний үеэр 200 орчим хүнийг баривчилжээ.
Эх сурвалж: ВВС