Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ой, Говь-Алтай аймаг, аймгийн прокурорын газар байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Буриадын Болдбаатар Алтай хотын төв Жанчив баатрын талбайгаас Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбай хүртэл 1040 км замыг 34 хоногт туулах түүхэн гүйлтийн замдаа 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гарлаа. Уг гүйлтийн нээлтийн үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн прокурорын газраас Алтай хотын төвд зохион байгуулж, аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг аймаг дахь төрийн байгууллагуудын алба хаагч нар болон гэр бүл, найз нөхөд нь хүрэлцэн ирж, гүйлтийн замд нь гаргаж өгсөн байна.
Энэ үеэр Прокурорын байгууллагын Биеийн тамир, спортын зөвлөлийн дарга Э.Амарбат Улаанбаатар хотоос цахимаар мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ. Тэрээр “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн хүрээнд хийгдэх холын замын гүйлт Сүхбаатарын талбай хүртэл сар гаран үргэлжилнэ. Тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж, хүүхэд залуучуудад зөв үлгэрлэл дуурайлал үзүүлэх, цар тахлыг амжилттай даван туулах эрхэм зорилгыг өвөртлөн энэхүү гүйлтийг хийж байгаа олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатарт амжилт хүсээд, барианы цурхайд бахдал дүүрэн уулзахын ерөөл тавья” гэсэн юм.
Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1966 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн. 2008-2019 онд тус аймгийн прокурорын газарт харуулаар ажиллаж байгаад 2019 оноос “Бату-тэмүүлэл” клубт багш, дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.
Түүний ээж Г.Дулам нь тус аймгийн прокурорын газарт 34 жил үйлчлэгч, бичиг хүргэгчээр ажиллаж байсан бол аав н.Буриад нь аймгийнхаа хөнгөн атлетикийн анхны спортын мастер ажээ.
Прокурорын байгууллагын 85 жилийн ойн арга хэмжээнд ээжийгээ оролцуулж явахдаа холын зайн гүйлт хийх санаа анх төрж, 2016 оноос хойш бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ хангаж эхэлжээ.
Олон Улсын хэмжээний мастер Б.Болдбаатарын гаргасан амжилтуудаас дурдвал: 1982 онд өсвөрийн улсын аваргаас хүрэл медаль, 2010 онд кросс гүйлтийн улсын аваргаас хүрэл медаль, 2010-2018 онуудад Монголын мастеруудын улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медалиуд, Уулын бартаат гүйлтийн улсын аваргаас алт, хүрэл медаль, Монголын мастеруудын спортын их наадмын кросс гүйлтийн төрөлд 2016-2018 онд мөнгө, хүрэл медаль, Улсын аваргын 12 цагийн гүйлтэд 97 км гүйж тэргүүн байр, ОХУ, Япон улсуудад зохион байгуулагдсан Олон улсын мастеруудын спортын их наадмын кросс гүйлтийн төрөлд шагналт байруудад, “Найрсаг Улаанбаатар” тэмцээнд шагналт байр, хүрэл медаль, “Тал нутгийн марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалиуд тус тус хүртэж байжээ.
1987 онд спортын мастер, 2016 онд Олон улсын хэмжээний мастер, Биеийн тамирын тэргүүний ажилтан, Спортын алдар, Улсын Ерөнхий прокурорын жуух бичиг, батламж, төрийн дээд шагнал хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан прокурорын байгууллагын шилдэг ажилтнуудын нэг юм.