АНУ-ын төрийн департамент Чеченийн удирдагч Рамзан Кадыровыг хүний эрхийг ноцтой зөрчсөн олон удаагийн үйлдэл гаргасанд буруутгаж, Кадыровын гэр бүлийн эсрэг хориг тавьсан байна. Үүний хүрээнд Кадыроваас гадна түүний эхнэр Медни, 2 охин нь болох Айшат Кадыров, Хадижат Кадыров нар АНУ руу зорчих эрхгүй болжээ. Эхнэр, охидыг нь их хэмжээний авлигын хэрэгт шууд болон шууд бусаар холбоотой хэмээн үзэж байгаа юм байна.
АНУ Чеченийн удирдагчийн гэр бүлийн эсрэг хориг тавихыг үзэл бодол нэгтэй дэлхийн бусад улс орнуудад мөн уриалсан байна.
АНУ-ын төрийн департамент Кадыровыг дотоодынх нь коронавирусний талаарх мэдээлэл цацсан сэтгүүлчдийг заналхийлж байгаад буруутгаж байгаа юм. Мөн Кадыровын засгийн газар ижил хүйстнүүдийг мөрдөн мөшгиж, тэднийг нууц шоронд хорьж, зарим тохиолдолд аминд нь хүрч байгаад буруутгаж байгаа юм. Харин Рамзан Кадыров энэ бүгдийг эрс няцааж байгаа бөгөөд АНУ-ын авч буй хоригт хариу өгөх болно гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС