Говь-Алтай аймгийн төвөөс Улаанбаатар хот руу холын зайн түүхэн гүйлтийн замд гарсан хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Буриадын Болдбаатар 600 гаруй км замыг туулан Өвөрхангай аймаг, Арвайхээр хотод 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 16.00 цагт иржээ. Түүнийг аймгийн Засаг дарга, Өвөрхангай аймгийн прокурорын газар, Биеийн тамир спортын хороо, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 256 дугаар анги, Унадаг дугуй сонирхогчдын холбоо, Гэрэл зураг сонирхогчдын холбоо, орон нутгийн радио, телевизийн хамт олны төлөөлөл болсон 100 гаруй хүн ёслол төгөлдөр угтан авч хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл, мөнгөн шагналаар шагнасан байна. Монгол хүний тэсвэр тэвчээрийн илэрхийлэл болсон Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатарыг Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Ганцэцэг ОУХМастер Б.Болдбаатарт зориулж, “Мянган бээрийн гүйлт” нэртэй шүлэг зохиож цаашдын гүйлтэд нь дэм өгсөн байна.
Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар нь Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан Алтай хотын төв Жанчивын талбайгаас Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбай хүртэл 1040 км замыг 34 хоногт туулах холын зайн гүйлтийнхээ тал замыг амжилттай туулаад байгаа юм.