Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн босгон дээр Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчооны ажлын албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Билэгттэй ярилцлаа.
Юуны өмнө танд болон танай хамт олонд Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн баярын мэнд хүргэж байна.Та Интерполын Үндэсний төв товчоонд хэдэн жил үүрэг гүйцэтгэж байна вэ?
Баярлалаа. Би Интерполын Үндэсний төв товчоонд томилогдоод яг 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Аав маань насаараа эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан. Батлан хамгаалах салбарын хөгжилд нөхдийн хамтаар мэдлэг, оюунаа зориулсан, гадаад улсын ижил төрлийн байгууллагуудтай харилцах гүүр нь болж байсан хүн бий. Энэ хүчин зүйл надад нөлөөлсөн гэж хэлж болно. Өөрийн мэдлэгээ Монгол Улсын цагдаагийн байгууллагын гадаад харилцааг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хөгжүүлэхийг зорьсон учир Интерполын Үндэсний төв товчоог сонгосон.
Хэзээ анх томилогдож байсан бэ, албаараа бахархах, өнгөрсөн жилүүдэд тууштай ажиллах эрч хүчийг авсан бэ?
Би 2011 оны 07 дугаар сард Интерполын Үндэсний төв товчоонд томилогдож байсан. Цагдаагийн ажлыг хад, асгатай, өндөр ууланд багаар авирахтай зүйрлэж болно. Түүнийг давахад биеийн хүчнээс гадна хальтарч унахгүй байх анхаарал, сэрэмж, замын дундаас шантрахгүй байх сэтгэлийн тэнхээ, шантарлаа гэхэд сэтгэлийн дэм үзүүлэх хамт олон, үүнээс илүү өндөр уулыг давна гэсэн хүсэл, тэмүүлэл байх шаардлагатай. Цагдаагийн алба энэ бүгдийг надад зааж, сургаж, хэвшүүлсэн учир би өдийг болтол тууштай ажиллаж байна гэж боддог доо
Та манай уншигчдад ажил, албаныхаа үйл ажиллагааны онцлогийн тухай сонирхуулаач?
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу бидний хэлж заншснаар Интерпол нь эгнээндээ 194 улсыг нэгтгэсэн дэлхийн хамгийн том цагдаагийн байгууллага юм. Монгол Улс 1991 онд тус байгууллагад гишүүнээр элсэж байсан. Гэмт хэргийн талаар мэдээлэл солилцох, гэмт этгээд, сураггүй алга болсон хүн, эд зүйлсийг эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна олон улс дахь гэмт хэргийн нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийх, шинэ төрлийн гэмт хэрэг, тэдгээртэй тэмцэх үйл ажиллагааны талаар удирдлагыг мэдээллээр хангах үйл ажиллагааг явуулдаг. Интерполын албан ёсны дөрвөн хэлний нэг болох англи хэл дээр манай товчооны үйл ажиллагаа явагддагаараа онцлог. Гадаад улсаас ирсэн хүсэлт, хариуг монгол хэл рүү, гадаад улс руу явахыг нь англи хэл рүү орчуулах ажил хийгдэнэ. Улс гүрнүүдийн хууль эрх зүйн тогтолцоо харилцан адилгүй. учир хэрэглэгддэг нэр, томъёо нь хүртэл өөр. Бидний ажлаас хүний хувь заяа хамаарах тул мэдээллийн бүрдэл, орчуулгын чанар хамгийн чухал. Орчуулга хийх амархан гэдэг хүмүүстэй би санал нийлдэггүй.
Амралтын өдрүүд болон чөлөөт цагаараа юу хийж өнгөрүүлдэг вэ?
Эцэг, эхчүүд бид ажил, ажил гээд хүүхдүүддээ цаг бага зарцуулдаг. Юм асуухаар нь завгүй байна, дараа болъё гээд өөртөө халгаадаггүй. Нэг мэдэхэд хүүхэдтэйгээ өнгөрүүлсэн дурсамжтай гэх зүйл байхгүй юм шиг санагддаг. Тийм учраас тэдэнтэйгээ тоглож, асуусан зүйлд нь түүртэлгүй хариулж, харилцан ярилцаж амралтын өдөр, чөлөөт цагаа өнгөрүүлэхийг эрмэлздэг дээ. Өнгөрсөн хугацаанд гүйцэтгэж байсан ажлуудаас таны дурсамжид гүн үлдсэн үйл явдал юу байв?
Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Роналд Нобель 2013 онд Хууль зүйн сайдын урилгаар Монгол Улсад айлчлахад би хэлмэрчилж байсан. Ерөнхий нарийн бичгийн дарга буцахдаа онгоцонд суухаасаа өмнө нэрийн хуудасны хайрцгаа суллаад надад бэлэглэж байсан нь их дурсгалтай байдаг юм.
Интерполын Үндэсний төв товчооноос хийхээр зорьж буй ойрын зорилтоосоо бидэнтэй хуваалцаач?
Монгол Улс Интерполд гишүүнээр элссэний 30 жилийн ой 2021 онд тохионо. Энэ үйл явдалтай холбогдуулан тодорхой ажил, арга хэмжээг төлөвлөж байна. Тухайн үед нь мэдээлэл өгөх байхЦагдаагийн албан хаагч, тэр дундаа Интерполын Үндэсний төв товчоонд ажиллахыг хүсдэг оюутан, дүү нартаа юу гэж зөвлөх вэ?
Төрөлх монгол хэлээ гүнзгийрүүлэн судлах, хувийн зохион байгуулалтаа сайжруулах, аливаа мэдээллийг нягтлах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх зэрэг эрдэмд шамдахыг оюутан, дүү нартаа зөвлөхийг хүсэж байна.
Уншигчдадаа болон мөрдөс нэгт албан хаагчдад хандаж юу хэлэх вэ?
Мөрдөс нэгт алба хаагчиддаа Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажил, амьдралд нь сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.