Цаг үеийн мэдээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацын шагнал” олгоно. Үндэсний инновацын шагнал нь “Шилдэг инновацын бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инновац” гэсэн төрөлтэй байна.

Шилдэг инновацын бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн техник, технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг нэр дэвшүүлнэ.

Үйлчилгээний салбарын шилдэг инновацын шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан үйлчилгээний хэлбэрээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, төрийн үйлчилгээ, банк санхүү, харилцаа холбоо, мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд, тээвэр, худалдаа, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарууд болон дундын ашиглалтын оффис, технологи дамжуулах төв зэрэг инновацийг дэмжих үйлчилгээг нэр дэвшүүлнэ.

Үндэсний инновацын шагналд шинэ мэдлэг, технологийг зах зээлд инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгч нарын хүсэлтийг хүлээн авна.

Та бүхнийг “Үндэсний инновацын шагнал олгох журам”-ын дагуу холбогдох баримт бичгээ бүрдүүлэн “Үндэсний инновацын шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Бүтээлд тавигдах шаардлага:

зах зээлд сүүлийн 2 жилд нэвтрүүлсэн байх;

тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлчилгээг нэвтрүүлэхэд ашигласан техник, технологи, программ хангамж, зураг дизайн нь шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт ололтод тулгуурласан байх;

хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй нь судалгаа, туршилтаар нотлогдсон байх;

хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг хүн амын бүлгийн онцлог хэрэгцээнд нийцсэн байх;

олон нийтэд шинэ мэдлэг, өндөр технологийн ололтыг таниулсан байх;

Инновацын тухай хуулийн 15.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх.

Үндэсний инновацын шагналд нэр дэвшүүлэх хүсэлтийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны даваа гарагийн 17:00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны 118 тоот өрөөнд хүлээн авна.

Холбоо барих утас: 263180

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Таны сурталчилгаа