“Хөгжлийн үүд” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 10-р хороо Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажлын нээлт, шав тавих ёслол өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга хот байгуулалтын сайд дэд сайд Э.Золбоо, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Д.Мөнхжаргал, НИТХ-ын Тэргүүлэгч Ш.Үнэнбат, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар, Улаанбаатар хотыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Морингийн давааны шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөгөөр 129 га талбайд 5000-10000 өрхийн орон сууц, 4260 хүүхдийн багтаамжтай сургууль, 2130 хүүхдийн цэцэрлэг, 450 ортой эмнэлэг, 8000 ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөснөөс эхний ээлжинд 43,3 га газарт 235 айлын таунхаус 1700 өрхийн залуусын хороолол, 640 хүүхдийн суудалтай 2 сургууль, 2 өрхийн эмнэлэг, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эхлүүлж байна.
Энэхүү шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажил нь инженерийн болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж буйгаараа бусад төслүүдээс онцлогтой буюу давуу талтай шийдэл болж байна. Морингийн давааны дулаан хангамжийн бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Мон илч” ХХК, “Рино Инженеринг” ХХК-ий түншлэл хамтран гүйцэтгэх бол Азийн хөгжлийн банкны 5,0 сая ам.долларын санхүүжилтаар цэвэр бохир усан хангамж, цахилгаан хангамж, холбоо мэдээллийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх юм.