ЭМЯ-наас коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : " 8 сарын 2-ны өдөр нийт 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Дээрх шинжилгээнд : 7 сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ, Афгинастанаас ирсэн цэрэг дайчдын давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 3 эмч, ажилтаны шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж буй 8 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 30 жолоочийн шинжилгээ багтжээ. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын батлагдсан 293 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 230 нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 63 хүн эмчилгээнд байна. Эмчилгээнд байгаа хүмүүсээс 60 хүний биеийн байдал хөнгөн, 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Мөн эдгэрээд эмнэлгээс гарсан 230 иргэнээс 17 хүн сувилалд, 47 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 166 хүн ажиглалтаас гарчээ. Тандалт, судалгаа үргэлжилж байна” гэлээ.