Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н. Фальков 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр их, дээд сургуулийн захиралуудтай цар тахлын үед хичээлийн шинэ жилийг хэрхэн эхлүүлэх асуудлаар Цахим зөвлөгөөнийг зохин байгуулжээ.

Зөвөлгөөний үеэр сайд В.Н. Фальков хичээлийн шинэ жилд багш, оюутнууд амны хаалт зүүх, хичээлийн байр бүрийн нэвтрэх хэсэгт биеийн халуун үзэгч төхөөрөмжийг суурилуулах, анги тасалгаа бүрт агаар халдваргүйжүүлэх багаж байрлуулах нь зайлшгүй биелүүлэх шаардлага байх болно хэмээн онцлон тэмдэглэжээ.

Гадаадын оюутнуудын сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах асуудал зөвөлгөөний үеэр хөндөгдөж “агаарын зорчигч тээврийн нислэг үйлдэгдэж буй орнуудаас ирсэн гадаадын оюутнууд 14 хоногийн хөл хорионы дэглэмийг сахина, 10-12 дахь хоногуудад халдвар илрүүлэх шинжилгээ өгнө, зөвхөн шинжилгээний хариуг үндэслэж танхимын сургалтад хамруулах эсэх”-ийг шийдвэрлэхээр тогтсон байна. ОХУ-тай агаарын хил нь нээгдээгүй орны оюутнуудад зайн сургалтад хамрагдах нөхцлийг тухайн их, дээд сургуулиуд хангахаар болжээ.

Хичээлийн шинэ жил эхлэх товыг их, дээд сургуулиуд бие дааж шийдвэрлэх эрхтэйг сайд В.Н. Фальков зөвлөгөөний үеэр тэмдэглээд “сургуулиуд сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг 2 сараар хойшлуулах эрх эдлэх боломжтой ч Оросын их дээд сургуулиудын 92 хувь нь хичээлийн шинэ жилийг 9 дүгээр сарын 01-ний өдөр эхлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн”-ийг дурдсан байна.

Жич: Хичээлийн шинэ жилийг 9 дүгээр сарын 1-ний өдөр танхимын сургалтаар эхлүүлэхээр ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам болон их, дээд сургуулиуд зохих бэлтгэлийг хангаж байгаа ч албан ёсны шийдвэр нь 8 дугаар сарын 20-доор гарах хандлагатай байна. Иймд ОХУ-д суралцах гэж буй болон суралцаж байгаа оюутан та бүхэнд сургуулийнхаа Цахим хуудас дахь мэдээллийг тогтмол уншиж, хувийн цахим шуудан, суралцагчийн булан (личный кабинет)-гаа шалгаж байхыг, түүнчлэн шаардлагатай тохиолдолд сургуулийнхаа холбогдох ажилтантай холбогдож зөвөлгөө авахыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам анхааруулж байна.

Таны сурталчилгаа