Ливаны нийслэл Бейрут хотод их хэмжээний тэсрэх бодис хадгалж байсан агуулах өчигдөр дэлбэрсний улмаас 70 гаруй хүн амиа алдаж, 4 мянга орчим хүн шархдаад байна. Тодруулбал Бейрутын боомтод байрлах агуулахад 2750 тонн орчим аммонийн нитрат сүүлийн 6 жилийн турш ямар ч хамгаалалт, хараа хяналтгүй хадгалагдаж байсан нь ийнхүү дэлбэрчээ. Аммонийн нитратийг тэсрэх бодис хийхэд ашигладаг юм байна.
Дэлбэрэлт маш хүчтэй болсон тул ойролцоох зарим байшин барилгууд нурж, хэдэн км-ийн зайд орших олон барилгуудын гаднах өнгөлгөө хууларч, хананд нь цууралт үүсчээ.
Бейрутын эмнэлгүүд шархадсан хүмүүсээр дүүрч ачааллаа дийлэхгүйд хүрсэн тул зэргэлдээх хотуудын эмнэлгүүдэд зарим өвчтнүүдийг хүргэж байгаа юм байна.
Ливаны Ерөнхийлөгч Мишель Аун дэлбэрэлтийн гэм буруутанг олж тогтоон хариуцлага тооцохоо амалсан байна. Бейрут хотод гамшгийн онц байдлыг хоёр долоо хоногийн хугацаатай зарлаж, дэлбэрэлтийн дараах аюулгүй байдлыг хангахад цэрэг армийг оруулахаар болсон байна.
Олон арван хүний амийг авч одсон дэлбэрэлттэй холбогдуулан Ливанд энэ лхагва гарагт гурван хоногийн гашуудал зарлах юм байна.
Дэлхийн улс орнууд Ливанд болсон дэлбэрэлтэд харамсаж байгаагаа илэрхийлж, тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж эхлээд байна.
Эх сурвалж: ВВС