Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол гарц болох Гашуунсухайт боомтоор өдөрт дундажаар 400-500, Шивээхүрэн боомтоор 350-450 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байгаа дүн мэдээ бий. Өмнөговь аймгийн Гашуунсухайт - Ганц мод боомтын чиглэлд 232 аж ахуй нэгж байгууллагын 14150 тээврийн хэрэгсэл, Шивээхүрэн - Сэхээ боомтын чиглэлд 53 аж ахуй нэгж байгууллагын 2703 тээврийн тээврийн хэрэгслээр улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг тээвэрлэгч компаниудаар дамжуулан Автотээврийн үндэсний төвөөс зохицуулан зохион байгуулдаг. Дээрх чиглэлүүдэд мэргэжлийн ажилчин, боловсон хүчин дутмаг, жолооч нарын нийгмийн асуудал орхигдох, тээвэрлэгч байгууллагуудад жолооч нарын амрах байр болон засвар үйлчилгээний байр дутагдалтайгаас шалтгаалж хөдөлмөр амралтын дэглэм алдагдах, тээврийн хэрэгслийн стандарт шаардлага, бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс үүдсэн осол аваар зэрэг зөрчил дутагдал багагүй гардаг тул тус үйлдвэрийн газраас аж ахуй нэгжүүдийн чадамжийг сайжруулах, жолооч нарын тав тухтай ажиллаж, амрах нөхцөл боломжийг олгох үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм”-ийг мөрдөж хэрэгжүүлэх хэд хэдэн шат дараатай ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
Тухайлбал, ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсаар хяналт шалгалт хийж, тээвэрлэлтийн үйлчилгээнд хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг чанд мөрдүүлж, аж ахуй нэгж байгууллагуудад зэрэглэл тогтоох үйл ажиллагааг шат дараатайгаар эхлүүлжээ. Ийнхүү дээрх ажлуудыг цогцоор нь хэрэгжүүлснээр авто аж ахуйн чанар сайжирч, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх хор хөнөөл багасч, хариуцлагатай тээврийн үйлчилгээ бий болно гэдгийг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Улс хоорондын ачаа тээвэрлэлт эрхлэгч аж ахуй нэгж нь ачаа тээврийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр мэргэшсэн, дотоодын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг 3-аас доошгүй жил эрхэлсэн, Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх ба тээвэрлэлтэд зуучлах үйлчилгээ MNS 5346:2017 стандартын “С” зэрэглэлээс доошгүй байх шаардлагыг хангасан байх ёстой. Энэ нь ачаа тээвэрлэх зориулалттай, өөрийн ба бусдын эзэмшлийн 20-оос доошгүй тээврийн хэрэгсэлтэй, өөрийн буюу гэрээт зогсоол, засвар үйлчилгээний болон ажилчдын амрах байртай байх, 2 ба түүнээс дээш инженер техникийн ажилтантай байх зэргийг шаарддаг.
Тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн дотоод хяналт шалгалт ийнхүү сайжирснаар, хууль сахин мөрдөлт, иргэд, жолооч нарын хөдөлмөр эрхлэх таатай боломж бүрдэхээс гадна осол аваар буурч, хариуцлагатай аюулгүй тээвэрлэлтийн үйл ажиллагаа хөгжих нөхцөл боломж бүрдэх бөгөөд уурхайнууд шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдээр тээвэрлэлтээ гүйцэтгүүлэх,тээврийн хэрэгсэл болон мэргэшсэн жолооч давхцахгүй байх зэрэг давуу талтай аж.