Цаг үеийн мэдээ

 Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2020.08.10/ Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 

    Уулзалтын эхэнд ноён Андрей Михнев УИХ-ын дарга Г.Занданшатарт төрийн хариуцлагатай өндөр албанд дахин томилогдсонд баяр хүргээд, Дэлхийн банк группийн дэд Ерөнхийлөгчийн баярын захидлыг гардуулан өгөхийн зэрэгцээ УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиас Монголын ард иргэд, сонгогчид МАН болон сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурал, Засгийн газарт ихээхэн итгэл хүлээлгэж байгаа нь тодорхой харагдлаа. Иймд бид Монгол Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв. 

    Дэлхийн Банкнаас Монгол Улсын хөгжлийн гол асуудлуудад анхаарал хандуулсан бодлогын зөвлөмж бүхий баримт бичиг боловсруулж шинээр байгуулагдсан Засгийн газарт танилцуулснаа дуулгаад энэхүү зөвлөмжийг УИХ-ын даргад гардуулж, санал солилцов.

    УИХ-ын дарга Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүлэх зорилтуудад нийцсэн иж бүрэн бодлогын зөвлөмж хүлээлгэн өгч байгаад талархал илэрхийллээ. Мөн УИХ-ын ээлжит бус чуулган  08 дугаар сарын 17-нд нээлтээ хийж, Засгийн газрын 2024 он хүртэлх төлөвлөгөө, мөрийн хөтөлбөр тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэнэ. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамаардаг бөгөөд эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ зохион байгуулалтын томоохон шинэчлэлтийг хийх шаардлагатай байна. Энэхүү зорилгыг биелүүлэхэд Дэлхийн Банктай хамтран ажиллахад бэлэн байгаагаа Улсын Их Хурлын дарга мэдэгдлээ.

Мөн  банкны салбарт бодлогын томоохон шинэчлэлт хийхээр Ажлын хэсэг байгуулсныг дуулгаад эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд экспортын үйлдвэрлэлд суурилсан зээл хэрэгтэй байгаагаа онцолсон. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар экспортыг нэмэгдүүлэхэд түлхэц болохуйц шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай өнгөрөгч 07 дугаар сард биечлэн танилцсанаа дурдаад уг бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд дуусгах шаардлагатай байгааг онцлоод Дэлхийн Банк Монгол Улсын эдийн засгийг төгөлдөржүүлж, экспортыг дэмжиж ажиллана гэдэгт  найдаж байгаа илэрхийлсэн. 

  Үргэлжлүүлэн талууд Монгол Улсад Дэлхийн Банкны санхүүжилтээр олгож буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

 Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын тулд Дэлхийн Банк түргэн шуурхай ажиллаж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад тусламж үзүүлсэн төдийгүй УИХ-аар баталсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эсрэг эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээг дэмжиж ажилласан гэдгийг Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч онцлон тэмдэглэсэн. Цаашлаад Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжихээр төлөвлөж буй Улаанбаатар хотын авто зам, тээврийг хөгжүүлэх төслүүдийн талаар  мэдээлэл хуваалцав. 

    УИХ-ын дарга ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болсныг дуулгаад Монгол Улсын нийслэлийн төвлөрлийг сааруулах, ухаалаг хот байгуулах, хотын дэд бүтэц, хүн амын аюулгүй байдал, хөгжлийн асуудалтай холбоотой төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

 

Таны сурталчилгаа